Өсвөр үеийн үндэсний сургагч бэлдэх хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сургуулийн 10-11 дүгээр ангийн 30 хүүхдийг хамруулжээ. Эрүүл амьдралын хэв маяг, эерэг харилцааны дадал зуршлыг төлөвшүүлэх, үе тэнгийн сургагч бэлдэх зорилгоор “Эрүүл амьдрал, эерэг харилцаа” хөтөлбөрийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан байна. Боловсролын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, АШУҮИС, СЭМҮТ болон Монголын хүүхдийн анагаахын академитай хамтарсан сургалтаар үе тэнгийн сургагч гэж хэн бэ, харилцаа болон багаар ажиллах ур чадвар, өсвөр үеийн сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох, эрүүл амьдралын хэв маяг, дэлгэцийн зохистой хэрэглээ, хоол тэжээл ба зохистой харьцаа зэрэг агуулгын хүрээнд номын дуу сонсжээ. Мөн тамхи, архи, мансууруулах бодисын хор уршиг, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн төрлүүд, ирээдүйн зорилго, урам зориг зэрэг олон талын мэдлэг, чадвар, хандлагаа сайжруулахад хамтран ажилласан гэнэ. Үндэсний сургагчаар бэлтгэгдсэн сурагчид “Найздаа тусалъя” гарын авлагын дагуу ерөнхий боловсролын зургаан сургуулийн 180 сурагчид мэдлэгээ хуваалцсан байна. Цаашид үе тэнгийн зөвлөгч сурагчид үндэсний хэмжээнд сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах аж.
Ч.Болор