Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судлахаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч М.Отгонпүрэвээр ахлуулсан Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, 119 дүгээр ангийн холбогдох алба хаагчид БНХАУ-ыг зорьжээ. Тус улсын Онцгой байдлын удирдлагын яам, манай ОБЕГ хамтран нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Бээжин хотын Гал түймэр унтраах, аврах академийн сургалтын баазад зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Хятадад ой, хээрийн түймрийн үед дронуудыг дөрвөн улиралд ашигладаг юм байна. Тухайлбал, Сичуань мужид ойн түйрийн үеэр 25 кг хүртэлх ачаатай дронуудад гал унтраах бодис ачих боломжтой гэж үзжээ. Мөн өндөр барилгуудад гал унтраах шүршигчтэй, өндөрт байршил мэдрэгчтэй зэрэг шийдлүүдийг нэвтрүүлж буй аж. Харин манай улсад одоогоор дрон ашиглан өндрөөс гал түймэр унтраасан тохиолдол байхгүй бөгөөд зориулалтын төхөөрөмж нь ч үгүй юм. Харин дулаан мэдрэгчтэй дроныг эрэн хайх ажиллагаа болон зураг, дүрс бичлэг, тандалт судалгаанд ашиглаж буй. Ташрамд дурдахад, энэ он эхний 11 сард аюулт үзэгдэл, ослын 4974 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 хувиар өссөн үзүүлэлт болов. Эдгээрийн 3837 нь объект, 273 нь ой, хээрийн түймрийнх аж.
Ч.Туяа