Японы жүдо бөхийн холбоо болон Монголын жүдо бөхийн холбооны албан ёсны уулзалт Токио хотод болж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шийдвэр гарснаар “Judo for Tomorrow” төслийг Монголд дахин хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл нь Монголын жүдо бөхийн хөгжлийг дэмжих, өсвөр үеийн тамирчид, дасгалжуулагчдыг чадавхжуулахад чиглэх юм. Төслийн I шатны хүрээнд ирэх оны хоёрдугаар сарын 1-10-нд Японоос мэргэжлийн дөрвөн дасгалжуулагч Улаанбаатарт ажиллаж, орон нутаг дахь жү догийн багш дасгалжуулагч нарт зориулсан 10 хоногийн сургалт зохион байгуулах аж. Тус сургалтаар хүүхэдтэй ажиллах орчин үеийн сургалтын арга зүй, жүдогийн мэх, техникийг зөв заах арга барил, аюулгүй байдал, насны онцлогт тохирсон бэлтгэлийн зохион байгуулалт зэрэг сэдвийг онол, дадлагын хосолсон хэлбэрээр заана. Мөн “Кодокан” институтийн удирдлагууд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, албан ёсоор хамтын ажиллагаа эхлүүлэхээр хэлэлцжээ. Тэд хамтын ажиллагааны хүрээнд Монголын жүдо бөхийн хүүхэдтэй ажилладаг залуу багш, дасгалжуулагч нараас бүрдсэн 10-15 хүнийг тус институтэд жүдо бөхийн дасгалжуулагчийн мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэв. Кодокан нь Японы жүдогийн албан ёсны төв, спортын дүрэм, философи, зэрэглэлийн системийг боловсруулан, энэ спортыг дэлхийд сурталчлан хөгжүүлж ирсэн нэр хүндтэй байгууллага юм. Дээрх хамтын ажиллагаа нь Монголын жүдо бөхийн өсвөр үеийнхний сургалтын чанарыг дээшлүүлэх, багш, дасгалжуулагчдын ур чадварыг олон улсын түвшинд ойртуулах зорилготой аж.