Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилжин явах цом-2025” үндэсний шагайн харвааны тэмцээн хоёр өдөр болж өндөрлөсөн. Эл тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХК, “Алдар” спорт хорооны баг ур чадвараараа бусдыгаа хошуучлан түрүүлж, шилжин явах цом гардав.
Тэдэнтэй тэргүүн байрын төлөө цэц сорьсон Дорноговь аймгийн харьяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаярын ахалсан “Аргалантын хөөвөр”ийн харваачид дэд байрт шалгарч, өнгөрсөн жил цомын эзэн болсон Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай “Номт даншиг хэттрик”-ийнхэн III байр эзэлжээ. Тусгай байрыг аймгийн гоц мэргэн Г.Лхагвасүрэнгийн удирдлагад оролцсон “Хөх морьт” багийнхан хүртлээ.