Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид шатахуунаа гаднаас 100 хувь нийлүүлдэг. Энэ байдлаасаа хэзээ гарах вэ гэхээр Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж, түүхий тосоо 100 хувь дотоодоосоо хангаж чаддаг болсон тохиолдолд бид энэ байдлаасаа гарна. Өнгөрсөн 10 дугаар сард шатахууны зохиомол хомсдол үүсэж байсан. Харин өнгөрсөн сард шатахууны захиалгаа нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар А92 бензиний нөөц 40 хувьтай байна. Шатахуун импортоор монголд ирсний дараагаар чадах чинээгээрээ түгээн ажиллаж байна. Аль болох тасалтуулахгүй байхыг хичээж байна.
Мөн шатахууны 2, 3 сарын нөөцөө хадгалдаг савтай болох хэрэгтэй. Манай уул уурхай үйлдвэрлэл нэмэгдэхийнхэрээр бензин, шатахууны хэрэглээ дагаад өснө. Иймд хэрэглээндээ тохирох, нөөцийн савтай болох шаардлага бий.
Дараагийн нэг чухал асуудал нь улсын хэмжээнд шатахууны нөөцөө хянах цахим систем байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Аль аймаг сум, дүүрэгт шатахууны хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Хаана борлуулалт бага байна гэх мэтчилэн хяналтын систем алга. Улсын хэмжээнд 1800 гаруй шатахуун түгээх газар бий. Гэтэл эдгээрийг хянахын тулд заавал хүн явуулж шалгуулах болж байгаа юм.
Бас ногоон эх үүсвэрээр автомашины эрчим хүчийг хангахтай холбоотойгоор тархмал эх үүсвэрийг дэмжих тогтоолын төслийг бэлдээд явж байна. Тухайлбал, Цахилгаанаар ажилладаг автомашиныг дэмжих талаар Сангийн яамд хүсэлтэй илэрхийлсэн. Бүх төрлийн татвараас чөлөөлөх зэрэг бодлогын шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэх мэдээллийг хэллээ.