Швейцарын Валайс хотын Сьерре дүүрэгт орших “Кранс Монтана” цанын бааз дахь шөнийн цэнгээний газарт өнгөрсөн пүрэв гарагт гал гарсны улмаас 40 хүн амь үрэгдэж, 121 иргэн шархаджээ. Тодруулбал, зоорины давхарт байрлах тус бааранд иргэд, жуулчид шинэ жилийн баяр тэмдэглэж байхтай зэрэгцэн түймэр дэгдсэн аж. Үүнтэй холбогдуулан тус газрын менежерүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар албаныхан мэдээлэв. Валайс хотын ерөнхий прокурор Беатрис Пиллоуд “Хоёр иргэнийг хүн амины хэрэг санамсаргүй үйлдсэн, бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан, гал тавьсан хэрэгт сэжигтнээр татсан. Тус түймэр нь бенгалын галыг таазны дулаалгын хөөсөнд хүргэснээс шалтгаалсан байж болзошгүй” хэмээсэн юм. Түүнчлэн албаныхан таазны дуу чимээ намсгагч материал стандартад нийцэж буй, эсэхийг шалгана гэв. Швейцарын Ерөнхийлөгч Гай Пармелин үүнийг тус улсын түүхэн дэх хамгийн аймшигт явдлуудын нэг хэмээгээд эмгэнэл илэрхийлсэн байна.
Баар бүхэлдээ шатсан учир амиа алдсан болон шархадсан хүмүүсийг гэр бүлд нь таниулахын тулд ДНХ-ийн шинжилгээ авах шаардлагатай байгаа төдийгүй тэдний олонх нь 20 орчим насныхан аж. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70 нь Швейцар, үлдсэн нь Франц, Итали, Серби, Бельги, Португал, Польшийн иргэн гэнэ. 16 настай Парисын жуулчин Аксель Клавье “Associated press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бүх хүн нарийн хаалгаар багтах боломжгүй байсан тул баарны цонхыг хагалж амь гарсан” гэсэн бол 17 настай Элиза Соуза “Би тэрхүү цанын баазад очих төлөвлөгөөтэй байсан ч шинэ жилийн баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэхээр шийдсэн. Намайг тийш явуулаагүй ээждээ 100 удаа талархах хэрэгтэй. Хэрэв явсан бол би одоо хаана байхыг бурхан л мэднэ” хэмээжээ.
Д.Хүслэн