Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж, үг хэлдэг уламжлалтай. Үүний дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оноо дүгнэн үг хэлэв. Дэлхий нийтээр геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй нөхцөлд амьдарч буй ч 2025 онд Монгол Улсын хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гарган, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байсныг Төрийн тэргүүн онцолсон юм. Мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүн гарч, 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлсэн байна. Дэлхийд монголчуудын оюуны цар хүрээ, хүчийг гайхуулсан эрдэмтэд, хүүхэд залуустаа Ерөнхийлөгч онцгойлон талархал илэрхийлсэн билээ.
Энэ өдөр мөн Засгийн газрын тэргүүн шинэ жилийн мэнд чилгээ дэвшүүлэв. Манай улсын хүн ам 2025 онд 54 мянган үрсээр бүл нэмсэн байна. Энэ оныг Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүчирхэг оюун санаа сэргэсэн, шинэ итгэлийн жил” хэмээн тодорхойлно лээ. Оюуны спортоор манай хүүхэд, залуус дэлхийд нэрээ дуурсгасан олон амжилт гаргасан. Мөн “Хариуцлагатай бодлого хэрэгжүүлсэн, эв нэгдэл, эрс шинэчлэлийн жил байлаа” гэсэн юм. Хэдийгээр эрх баригч намынхан түүхэндээ байхгүй талцал өрнүүлж, төрийн ажлыг хөлдөө чирж, өөрийг нь хүртэл огцруулаад амжсан ч монгол хүний амны бэлгээ бодож эв нэгдэлтэй байсан хэмээв бололтой. Ямартай ч 2025 оны төсвийг түүний Засгийн газар тодотгож, 2.2 их наядаар зардал хэмнэсэн, эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрч, манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэг эерэг тоо, мэдээллийг тэрбээр сануулсан юм. Мөн гадаад валютын нөөц долоон тэрбум ам.долларт хүрсэн байна.
Баялгийн хулгайтай хийх тэмцлийн хүрээнд нүүрсний 581 гэрээг ил болгож, авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг ажлыг эрчимжүүлснээр 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэлээ. Цаашид эл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мөн мэдэгдсэн юм.