“Цондоолой, Цүндээлэй” 2004, “Динза” комик цуврал 2009 онд уншигчдад хүрсэн цагаасаа хүүхдүүдэд эхлэн үндэсний түүх, соёл, хэл, ёс заншил, танин мэдэхүй, шинжлэх ухааны мэдлэгийг олгож буй. Уг номын борлуулалтын орлогоос хүүхдүүдийн хүмүүжил төлөвшил, гоо зүй, соёлын боловсролд зарцуулж иржээ. Одоогоор эдгээр комик ном 2.8 сая хувь борлогдож, хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилт тогтоосон тул боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орлогынхоо нэг хувийг зарцуулахаар болсноо мэдээллээ. Тодруулбал, “Динза, Цондоолойгийн анд найзууд” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагынхан орлогынхоо тодорхой хувиар ерөнхий боловсролын 100 сургуульд ном унших орчин тохижуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган, багш нарт зориулсан арга зүйн сургалт зохион байгуулах цогц төслөө энэ онд эхлүүлсэн байна. Тэд уг төслөө суралцагчийн унших чадварыг дэмжих, хөгжил төлөвшилд нь эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор салбарын яам, Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх гэнэ.
Төслийн хүрээнд “Багш бүхэн сэтгэл зүйч”, “Ангиараа багштайгаа уншъя”, “Динзагийн олон талт оюун ухаан” зэрэг хөтөлбөрийг 100 сургуульд гурван үе шаттайгаар хэрэгжүү лэхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгон, агуулгаар нь дамжуулан хүнлэг энэрэнгүй, билиг оюун төгөлдөр, эх хэл, соёл, өв уламжлалааа дээдэлсэн, бахархаж хэрэглэдэг, байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгон “бүтээх” зорилготой гэдгээ зохион байгуулагчид онцолсон.

Сонирхуулахад, олон улсын туршлагаас харахад сургуулийн номын санг “гэртээ байгаа мэт” тухтай болгохын тулд ихэнх нь ургамал, байгалийн модон материал, гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн тохижилт ашигладаг аж. Тэр дундаа орчин үеийн номын сан нь зөвхөн ном уншдаг газар бус, сурагчид мэдээлэл хайх, солилцох, багаар ажиллах, суралцах, амрах боломжтой орон зай болон хөгжиж байна.
М.Гэгээ