Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Засгийн газрын гишүүд, 21 аймгийн болон дүүргүүд, мөн 330 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын оролцсон цахим уулзалт зохион байгуулсан байна. Засгийн газраас 2026 онд эдийн засаг, нийгмийн салбарт ямар бодлого баримталж ажиллахаа орон нутгийн шат шатны удирдлагад танилцуулсан аж. Сумуудын Засаг дарга нарыг хамруулсан өргөн хүрээний цахим уулзалтыг анх удаа хийж буй нь энэ юм.
Төрийн бодлого, ажил үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хүргэх ёстойг Ерөнхий сайд сануулжээ. Мөн “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүртээх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”- ний талаар товч танилцуулаад, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, төрийн оролцоог оновчтой болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой гэлээ.
Цахим хурал нийт дөрвөн өдөр үргэлжлэх юм байна. Яамдын ажлыг эл өдрүүдэд хуваарилан танилцуулах гэнэ. Улмаар энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулах нь.
С.Уул