2025 онд алт түүхэн дээд ханшаа 45 удаа эвдэж, унц нь анх удаагаа 4500 ам.доллар болов. Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ таван их наяд ам.долларт хүрэн их гүрнүүдийн дараа эрэмбэлэгдэх томоохон, бие даасан эдийн засаг болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн дахиныг худалдааны саад бэрхшээлд оруулсан “Тарифын дайн” өдөөснөөс эхлээд олон улсад тун бужигнаантай жил өнгөрлөө. Харин манай улсын “саалийн үнээ” болох нүүрсний үнэ тогтмол унаснаар татварын орлого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн ч зэсийн баяжмалын экспорт таван тэрбум ам.долларт хүрснээр чулуун нүүрснийхийг давж, “аминд оров”. Түүнчлэн дотоодын инфляцын түвшин 8-9 хувийн хооронд хэлбэлзэж, Төвбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр хадгалсан юм.
Гэтэл он эхлэхтэй зэрэгцэн дэлхийн эдийн засаг олон сорилттой нүүр тулахаар байгааг шинжээчид анхааруулж буй. Цар тахлын улмаас зогсонги байдалд орсон эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч бүрэн тэнхрээгүй. Инфляц, түүхийн эдийн үнийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэрэг сорилт нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын ирэх оны эдийн засгийн өсөлтөд ялгаатай нөлөө үзүүлнэ хэмээн судлаачид таамаглаж байна. Энэ удаагийн “Дэлхийн эдийн засаг” буландаа Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагын тайлан, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад зориулсан судалгаа боловсруулагч “J.P.Morgan wealth management” болон “The Economist” сэтгүүлийн таамаглалд үндэслэн 2026 оны дэлхийн эдийн засгийн төлөвийг тайлбарлан хүргэе.
Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг дунд зэргийн өсөлтөө хадгалж, инфляц болон өрийн түвшний эрсдэлийг амжилттай даван туулсан. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.9 хувь болж, өнгөрсөн жилийнхээс 0.3 хувиар буурна гэж тооцоолжээ. Хамгийн хөгжингүй эдийн засаг бүхий 38 улсаас бүрдэх тус байгууллага дэлхийн болон бүс нутгуудын эдийн засаг эмзэг хэвээр байх талаар мөн дурдсан байна. Түүнчлэн Төвбанкууд аливаа эдийн засгийн өөрчлөлтөд түргэн хариу арга хэмжээ авах шаардлагатай төдийгүй эдгээрт бэлэн байхын тулд төсвийн сахилга бат зайлшгүй чухал болохыг ч онцлов.
Харин АНУ төвтэй дэлхийн хамгийн том санхүүгийн үйлчилгээний корпорац болох “Citigroup”-ээс эдийн засгийн өсөлт 2026-2027 онд жигд тэлж, макро эрсдэлийг даван туулахад улс орнуудын эдийн засаг харилцан адилгүй байх гэнэ. Түүнчлэн хиймэл оюуны хөгжүүлэлт, бүтээн байгуулалтад чиглэсэн “баавар”тай хөрөнгө оруулалтууд нь бүх салбарыг бодитоор дэмжиж, эдийн засгийн өсөлтийн хурдад нөлөөлөхөөр байгаа аж. Зэсийн үнэ ирэх онд тогтвортой өсөлттэй байх бөгөөд “J.P.Morgan”-ы шинжилгээнд дурдсанчлан эхний хоёрдугаар улиралд зэсийн үнэ тонн тутамд ойролцоогоор 12 500 ам.долларт хүрэх төлөвтэй хэмээсэн. Тэгвэл алт бүх цаг үед эдийн засгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогдож ирсэн тул “моод”-ноос үл гарч, унц нь 4610 ам.долларт хүрэх таамгийг “Financial times” сониноос боловсруулсан байх жишээтэй.
Харин коксжих нүүрсний үнэ БНХАУ-д ирэх онд 1-3 хувиар буурах төсөөлөл бий бөгөөд орон сууцын худалдааны хямрал үргэлжилж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт муу байх нь ган, гангийн бүтээгдэхүүний эрэлтийг сулруулах нь. 2024 онд түүхэн дээд түвшиндээ хүрсэн коксжих нүүрсний импорт 2026 онд ч үргэлжлэн буурах магадлалтай гэнэ. Түүнчлэн эдийн засгийн шинжээчид Монгол болон ОХУ нь Хятадын коксжих нүүрсний топ нийлүүлэгч байх талаар таамаглажээ. Өөрөөр хэлбэл, нүүрс өмнөх оныхоо үзүүлэлтээс үл ялиг ахих төлөвтэй гэж “төлөг”-т буусан аж.
АНУ, БНХАУ-ЫН ТАРИФЫН МАРГААН ҮРГЭЛЖИЛНЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, дэлхийн худалдааны урсгалыг өөрчилж, алдагдлыг бууруулах, БНХАУ-ыг зах зээлээс шахах зорилготойгоор өргөн хүрээтэй тарифын дэглэм хэрэгжүүлэх болсноо зарласан нь цочирдом шийдвэр байсан юм. Трампын уг шийдвэр хууль бус гэх дүгнэлтийг Дээд шүүх хангаж шийдвэрлэнэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд буй. Хэрэв шүүгчид тус тарифыг хүчингүй болговол түүний захиргаа үүнийг эргэн сэргээх хууль зүйн бусад арга, хэрэгслийг ашиглаж магадгүй гэсэн таамаг ч байна. Аль нь ч байсан 2026 оны анхаарал татсан гол асуудал тарифын маргаан хэвээр байх магадлалтай. Гэвч Хятадыг басаж болохгүй. Дэлхийд тэргүүлэгч “акул” эдийн засагтай эл улсын удирдагч Ши Жиньпин Трамптай өнгөрсөн аравдугаар сард уулзаж, уг “дайн”-д 12 сарын хугацаатай гал зогсоохоор тохиролцсоны дүнд хурцадмал байдал бага зэрэг намжсан билээ.
“Asia pacific economics” компанийн гүйцэтгэх захирал Ражив Бисвас DW-д өгсөн ярилцлагадаа “АНУ болон Хятадын уг дайсагнал нь зөвхөн худалдаанд бус, батлан хамгаалах технологи, хиймэл оюун, квант тооцоолол, робот техник зэрэг дэвшилтэт үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөнийг ч өдөөж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр салбарт тарифын хориг арга хэмжээ болон эдийн засгийн бусад арга хэрэгжүүлэх нь нэмэгдэх болно” хэмээжээ.
Шинжээчдийн таамагт дурдсанаар Хятадын эдийн засаг ирэх жил тогтвортой байдлаа хадгалж, тэр байтугай таван хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Гэвч тус улсын хүн амын хөгшрөлт, тогтмол буурч буй капиталын бүтээмж нь ган, усан онгоц, химийн бодис зэрэг аж үйлдвэрийн салбарт сөргөөр нөлөөлөх магадлалтай.
ИНФЛЯЦЫГ ЯАХ ВЭ
Манай улсын Төвбанк бодлогын хүүгээ бууруулах шинж одоогоор алга. Хүүг тогтмол 12 хувьд барьсныг өмнө нь дурдсан. Энэ оны дунд үе хүртэл дотоодын инфляц төв банкны зорилтот түвшинд хүрэхгүй төлөвтэй байна. Харин Франц тэргүүтэй Европын улс орнуудын Засгийн газрууд алдагдлыг хязгаарлах, зардлыг танах гэж хичээж буй тул эдийн засаг нь онцгой эмзэг байгаа гэнэ. Тухайлбал, Европын холбооны томоохон тоглогч ХБНГУ-ын эдийн засаг энэ жил батлан хамгаалах болон дэд бүтцийн салбарт зарцуулах зардлыг нэмэгдүүлснээр уналтаасаа гарч чадах найдвар өвөртөлсөн хэмээн DW-д бичжээ. Товчхондоо энэ оны инфляцыг зорилтот түвшинд барихын тулд голчлон мөнгөний бодлого, санхүүгийн арга хэмжээндээ анхаарах шаардлагатайг шинжээчид онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, Төвбанкууд мөнгөний нийлүүлэлтийг хумих, Засгийн газрууд зардлаа бууруулж, төсвийн сахилга баттай байх, хэрэгцээт бараа, түүхий эдийн нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах замыг сонгож байгаа бололтой.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ МОНГОЛ УЛСАД
2026 онд төгрөгийн ханш тогтвортой байх төлөвтэйг Монголбанк мэдээлсэн. Мөн нүүрсний экспортын орлого тасалдахгүй байж, зэс болон алтных үргэлжлэн өсөх төлөвтэй хэмээсэн билээ. Түүнчлэн томоохон гадаад өр, бондын эргэн төлөлт байхгүй тул урсгал дансны алдагдал 2025 онтой харьцуулахад 40 орчим хувиар буурах магадлалтай гэсэн. Олон улсын байгууллагаас манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 5.5-5.7 хувьтай байна хэмээж буй ч олон улсын харилцаа, геополитик хэмээх томоохон сорилт биднийг хүлээж байгааг мартаж болохгүй.
Д.Хэрлэн