14 996 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэллээ. Тодруулбал, 2025 онд эл тэтгэмжид 162 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан ч энэ нь аравдугаар сарын эхэн гэхэд дууссан тул 10-12 дугаар сард тэтгэмж авах ёстой 15 мянга орчим иргэнд олгох 45 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хүлээлт үүссэн аж. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдсан бөгөөд ажилгүйдлийн даатгалын санд 190 тэрбум төгрөг ногдоод буй. Үүний дагуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтээ өгсөн иргэдийн тэтгэмжийг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлжээ.
Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчид учирсан эрсдэлийг бууруулах, хуваалцах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд Нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн ба үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч тэтгэмж авах эрх үүсдэг байна. Тус тэтгэмжийг олгохдоо шимтгэл төлсөн сүүлийн гурван сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас журамд заасан хувь, хэмжээгээр тооцож, ажлын 76 өдрийн дотор олгодог аж.
Д.Хэрлэн