НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурал (COP17)ыг манай улс “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Энэ үеэр дэлхийн 197 орны Засгийн газрын тэргүүн, сайд нараас гадна иргэний нийгэм, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, ган цөлжилт, газрын доройтлын асуудлыг цогцоор нь хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд, доктор Осама Факиха “2026 он бол дэлхий нийт тэр дундаа, байгаль орчны салбарын хувьд онцгой жил. Учир нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын гурван COP-ыг нэг жилд зохион байгуулах юм. Тиймээс эдгээр хурлыг даргалагч орнууд хамтран ажиллаж, уялдаа холбоогоо бэхжүүлэн, давхардал, зөрчлийг арилгах нь маш чухал. Бид хамтдаа ажиллаж байж бодит шийдэлд хүрнэ” гэсэн юм.
Харин БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Хүн төрөлхтөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг хоорондоо салшгүй холбоотой байгаль орчны сорилтуудтай нүүр тулж байна. Монгол орны газар нутгийн 75 орчим хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн даацын асуудал улам хүндэрсээр байгааг иргэн бүр мэдэрч буй. Мөн манай улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин хурдтай явагдаж байгаа тул бид бусад улс орноос илүү санаачилгатай, хариуцлагатай хандах шаардлагатай” хэмээв.
У.Сүрэн