Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиосон хүйтэн өдрүүдийн тоо болон хур тунадасны хэмжээг танилцууллаа. -30 хэмээс хүйтэн өдөр Завхан аймгийн Отгон, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Ренчинхлүмбэ, Цагаан-Үүр сумд 20оос олон тохиожээ. Тэгвэл Увс аймгийн Тэс, Завханы Баянтэс, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Алтанбулаг, Улаанбаатарын Багануур, Буянт-Ухаа ор чимд ийм өдөр 15-19, бусад нутгаар 1-10 хоног үргэлжилсэн байна.
Монгол орны хэмжээнд өнгөрсөн сард дунджаар 1.6 мм хур тунадас орсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 55.8, олон жилийн дунджаас 47.3 хувиар тус тус бага үзүүлэлт гэнэ. Энэ нь 1940 оноос хойших хамгийн бага хур тунадастай 19 дэх сар болж буй юм. Түүнчлэн агаарын дундаж температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон гол, нуурын сав газраар -21, говь, цөлийн бүсээр -9-15, бусад нутгаар -15-24 хэм хүйтэн байсан нь олон жилийн дунджаас 1.1-ээр дулааныг илтгэх аж. Ингэснээр манай оронд 1940 оноос хойш хамгийн дулаахан сар 31 дэх удаагаа тохиосон гэсэн үг.
Тэгвэл энэ сард агаарын дундаж температур ямар байхыг ЦУОШГ-аас өчигдөр мөн мэдээлэв. Нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төвийн болон зүүн аймгуудын нутгаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас баруун аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, зүүн аймгуудын ихэнх хэсгээр ахиу, бусад нутгаар цас өмнөх жилүүдийн адил орох нь.
Энэ сарын 10-20 хүртэл ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тэнгэр хангай тогтворгүй байх тул малчид, тээвэрчид, иргэдийг хол замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээллийг тогтмол ашиглаж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.
О.Ундрах