Ахмад настнууд арилжааны банкнуудын шударга бус шийдвэрийг эсэргүүцэж өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний төлөөлөл энэ үеэр “Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэн, зээлийн хугацааг 36 сар болгож, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөх шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнуудад удаа дараа хүргүүлсэн ч шийдэж өгсөнгүй. Арилжааны банкнууд өнөөдөр төрөөс давсан эрх мэдэлтэй боллоо. УИХ-ын дарга Н.Учралд бүрэн эрх нь бий ч эдгээр банкны аманд багтаад сууж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийн тулд таван жил хүлээх шаардлагатай гэсэн. Гэтэл жилд дунджаар 10 гаруй мянган ахмад нас бардаг гэх статистик мэдээлэл бий шүү дээ. Ахмадын тэтгэвэр арилжааны банкнуудын ашиг олох хэрэгсэл байж болохгүй. Зээлийн хугацааг сунгасан нэрээр хүүгээс хүү тооцож, өр, орлогын харьцаа гэх шалгуураар ахмадуудад дарамт учруулж байна. Мөн банкнаас тэтгэврийн зээл авахад батлан даалтын шаардлага нь маш өндөр. Өр, зээлийн хугацаа өмнө нь 70:30 байсныг өдгөө 50:50 болгосон. Ерөнхий сайд бидэнд тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмнэ гэж амласан. Харин бодит байдалд 8.6 хувиар өсгөж, 80 мянган төгрөгөөр нэмлээ. Ахмадуудаа ингэж зовоож болохгүй” гэсэн юм.
Э.Сондор