Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн 2024-2025 онд календарчилсан төлөвлөгөөний дагуу байгалийн голомтот болон зоонозын халдварт өвчний тандалт, судалгаа хийж гүйцэтгэсэн талаараа мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн жил хачигт халдварын тандалт, судалгааг Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийжээ. Энэ үеэр Сонгинохайрханы бүс нутгаас хачигт энцефалит өвчин үүсгэгч Ixodes persulcatus төрлийн хачгийн байгалийн голомтыг шинээр илрүүлсэн байна. Ингэснээр хачигт халдвар дэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэнэ.
Түүнчлэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт бүртгэгдсэн гоц халдварт боомын хүний өвчлөлийн тохиолдолд хариу арга хэмжээ авч, лабораторийн тусламж, үйлчилгээ яаралтай үзүүлснээр голомтыг шуурхай хумьжээ. Тус төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа ч сүлжээ лабораторио MNS ISO 15189:2024 стандартаар итгэмжлүүлэхээр хүсэлт гаргаад буй аж.
О.Оргилох