ХҮЭК-ынхон 2025 онд хийсэн гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар болон теле камертай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотод замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунд суурилсан, хүний оролцоогүй камерын системээр илрүүлж, торгууль ногдуулж эхэлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой уг систем нь үр нөлөөтэй байж болох ч хүний эрх, тэр дундаа хувийн мэдээлэл хамгаалах эрхийн талаас зайлшгүй анхаарах асуудал юм. Учир нь камерын бичлэг, автомашины улсын дугаар, хөдөлгөөний байршил, цаг хугацааны мэдээлэл зэрэг нь тухайн иргэнийг шууд таних боломжтой хувийн мэдээлэлд хамаардаг аж. Хиймэл оюунд суурилсан хяналтын тогтолцоо нь олон нийтийн аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой ч хүний эрхийн баталгаагүйгээр хэрэгжүүлбэл системийн алдаанаас үүдэн иргэн хохирох эрсдэлтэй. Тиймээс хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийж, хянан, ил тод байдлыг бүрдүүлэх нь технологийн хөгжлөөс дутахгүй чухал гэдгийг дээрх байгууллагынхан онцоллоо.
ХЭҮК-ийн Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Комисст хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай нийт 1461 гомдол, мэдээлэл өнгөрсөн онд бүртгэгдсэн. Эдгээрийг эрхийн төрлөөр нь ангилж үзвэл шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн тухай гомдол дийлэнх хувийг нь эзэлж байна. Үүнд хилс хэрэгт холбогдсон, хууль зүйн туслалцаа авах эрх хязгаарлагдсан, эрүү гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчсөн гэх агуулгатай гомдлууд зонхилж буй. Харин хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр ажлын байрны болон бэлгийн дарамтад өртсөн, цалин хөлс авах эрх зөрчигдсөн зэрэг асуудал түгээмэл иржээ. Улмаар комисс нийт гомдлын 60 гаруй хувийг өөрсдөө хянан шийдвэрлэж, 318-ыг нь холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн. Мөн эрх нь хязгаарлагдсан иргэд буюу хорих ангиудад тогтмол хяналт шалгалт хийж, 151 иргэний эрхийг бүрэн сэргээсэн” гэв.
У.Сүрэн