“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд кашимер” компанийн үйл ажиллагаатай албаныхан өчигдөр танилцжээ. 1998 онд байгуулагдсан тус компани нь 700 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, жилд 1500 гаруй тонн ноолуур боловсруулан самнадаг байна. Үүнээс 600 000 гаруй ширхэг сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг аж. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 300 тонн түүхий ноолуур худалдан авсан гэнэ. Үүний зэрэгцээ өөр эх үүсвэрийн зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилга, байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулж, агуулахаа өргөтгөсөн гэдгийг мэдээллээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн дагуу өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Ингэснээр үйлдвэрүүдийн ээрэх хүчин чадал 400 тн-оор нэмэгдэн 2000 гаруйд хүрсэн аж. Мөн самнаж боловсруулсан ноолуурын экспорт зургаа дахин нэмэгдэж, 4000 тоннд хүрч, нийт 330 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
С.Дулам