Амралт, зугаалгын цаг эхэлж буй энэ үед гол, нуурт живж амиа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нэмэгддэгийг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруунд Хангилцагийн гол гэх газар ачааны автомашин усанд унах гэж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 1-ний 11.17 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын эзэмшлийн автомашин усанд живж байсныг шуурхай ажиллаж, татан гаргасан байна. Машинд 11 настай, эмэгтэй А болон 20 настай Ц нар байсныг аюулгүй газарт хүргэжээ. Мөн Өвөрхангайн Хужиртын Харзны голд иргэн Т-ийн эзэмшлийн “Ланд круйзер-80” загварын автомашин усанд суусан байсныг тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид татан гаргасан байна.
Түүнчлэн Дэлгэрмөрөн, Увс нуур, Улз, Чигэртэй, Завхан голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ. Сэлэнгэ мөрний усны түвшин 5-10 см дээшилсэн төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас сануулав. Иймд дээрх голын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, иргэдийг үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Ташрамд, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 125 дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын албаныхан 14 иргэний амь аварч, утаажилтын бүсээс 130 хүнийг гаргажээ.
Ч.Болор