Манай улс 2024 онд уур амьсгалын өөрч лөлтийн асуудал эрхэлсэн, бие даасан яам байгуулсан билээ. Тухайн үед Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) болгож шинэчилсэн юм. Үүний үр дүнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлогыг байгаль орчин, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч зэрэг олон салбарт уялдуулан төлөвлөх, өдгөө дэлхий дахинаа эр чимтэй ярьж, зорьж буй тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн давлагаанд нэгдэх боломжууд бүрдсэн. Нэг ёсондоо Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бодлогын бие даасан институтыг байгуулсан юм. Тэгвэл үүнээс хоёр жил гаруйн дараа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталж, эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ. Ингэснээр манай улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулах, бие даасан хуультай 70 дахь орон болов.
Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийн сорилт. Энэ утгаараа манай бөмбөрцгийн бүх улс үүнтэй холбоотой аливаа харилцаа, тулгамдсан асуудлуудыг зохицуулсан хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигтэй байдаг. Тодруулбал, Парисын хэлэлцээр хэмээх олон улсын эрх зүйн баримт бичигт нэгдсэн бүх орон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дотоод хууль тогтоомждоо ямар нэгэн хэлбэрээр тусгасан. 2000 оноос өмнөх үед үүнтэй холбоотой хууль, эрх зүйн акт ердөө 60 орчим байсан бол өдгөө 3000-аас давсныг Лондоны эдийн засгийн сургууль (LSE)-ийн дэргэдэх Грантамын судалгааны хүрээлэнгийн тайланд тэмдэглэсэн байна. Тус хүрээлэнгийн хариуцан хөгжүүлдэг Дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрч лөлтийн хууль тогтоомжийн цахим санд манай улсын хууль 2027 оны эхээр албан ёсоор бүртгэгдэх нь. Учир нь тус хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд дагалдах журмуудыг боловсруулах, шинэ тогтолцоонд шилжих бэлтгэл хангах, санхүү жилтийн механизмыг тодорхойлох зэрэг ажлыг хагас жилийн хугацаанд амжуулахаар төлөвлөжээ. Тэгэхээр бид шинэ хуулийнхаа “шид”-ийг ирэх оноос үзэх нь.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ “ногоон гэрэл”-ээр баталсан. Үүнийг Засгийн газраас тавдугаар сарын 21-нд өргөн мэдүүлсэн бол парламент энэ сарын 2-ны нэгдсэн хуралдаанаараа эцэслэн баталсан юм. Энэ нь нэгдүгээрт, ирэх сард манай улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай холбоотой. Цөлжилт, газрын доройтлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг нэг уулзварт төвлөрүүлэх гэж буй улс цөлжилтийг эрчимжүүлэгч гол хүчин зүйлийг зохицуулж, “хазаарлах” тусгай хууль тогтоомжтой байхгүй бол дэндүү хариуцлагагүй, налгар назгай харагдах нь тодорхой шүү дээ. Хоёрдугаарт, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтуудаа биелүүлэхэд багахан хугацаа үлдсэн. Хүлэмжийн хийн ялгарлыг өөрийн нөөц боломжид тулгуурлан 2030 он гэхэд 23, 2025 онд 30.3, олон улсаас санхүүжилт, техник, технологийн тусламж авсан тохиолдолд 52.8 хувь хүртэл бууруулах амлалтыг манай улс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт (NDS)-оороо дамжуулж өгсөн. Ердөө дөрөвхөн жилийн дараа бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах дэлхий нийтийн нэгдсэн зорилтод хэр бодитой хувь нэмэр оруулснаа үнэлүүлж дүгнүүлнэ гэсэн үг. Тэгвэл үүнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль ямар нөлөө үзүүлэх вэ. Есөн бүлэг, 32 зүйлтэй энэ хуулиар ямар харилцааг зохицуулах вэ.
Нэгдүгээрт, тус хууль хүлэмжийн хийн тооллого, хяналтын тогтолцоог хөгжүүлэх боломж олгох гэнэ. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй аваас удирдаж чадахгүй гэдэг дээ. Монгол Улс хэр хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байна вэ гэдгийг бодитой хэмжих суурийг бүрдүүлж байж энэ асуудлыг хяналтдаа авч, цаашид үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Үүний хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах олон улсын стандарт бүхий нэгдсэн MRV (measurement, reporting, verification) системийг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж, эрх зүйн орчныг нь бүрдүүлжээ. Ийм “шилэн” тогтолцоонд шилжсэнээр аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэл эрхлэг чид өөрсдийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийг тогтмол тайлагнаж, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх үүрэг хүлээх нь. Үүнийг дагаад ил тод байдал сайжирна хэмээн тооцжээ.
Хоёрдугаарт, Монгол Улсыг дэлхийн карбон зах зээлд нөлөө бүхий “тоглогч” болгох эрх зүйн суурийг тавихыг зорьжээ. Анзаарсан бол сүүлийн үед “Тэр улс карбон зах зээлээс төдөн ам.долларын ашиг оллоо”, “Тийм аж ахуйн нэгж төдөн кредит карбон худалдлаа” гэсэн мэдээлэл хөврөх болсон. Карбон кредит гэдэг нь агаар мандалд нэг тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулах зөвшөөрлийн бичиг буюу эрх юм. Мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг буюу “гоожин”-той адилтган ойлгож болно. Байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлж, эсвэл агаар мандалд хуримтлагдсан нүүрстөрөгчийг дулаарал үүсгэхээс нь өмнө шингээж авсан тохиолдолд ийм кредит олгодог. Кредит эзэмшигч нь үүнийгээ нүүрстөрөгч их ялгаруулдаг, квотоос хэтэрсэн гэдэг үндэслэлээр торгуулах “болзол” хангасан бусад компанид мөнгөөр зарж болно. Энэхүү кредитийг хоорондоо харилцан тохиролцож худалддаг биржийг карбон зах зээл гэдэг. Тэгвэл Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуультай болсноор манай улсын аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийг бууруулсан, эсвэл байгальд ээлтэй ажил хийж, нүүрстөрөгч шингээж авсан ашгаа дотоодын болон олон улсын зах зээлд арилжих боломж бүрдэх нь.
Гуравдугаарт, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт татах зохицуулалтуудыг бий болгожээ. Дээр дурдсанчлан уур амьсгалын өөрч лөлт бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Тиймээс улс орнууд дэм дэмэндээ гэдэг зарчим баримтлан, хамтын хүч, тусламж, дэмжлэгээр үүнтэй тэмцэж буй. Энэ бодлогын хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн “ногоон” төслүүдийг дэмжих санхүүгийн зураглалыг гаргаж, Уур амьсгалын ногоон сан (GCF) зэрэг дэлхийн томоохон байгууллагуудаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах институцын орчныг тодорхой болгохыг зорьжээ. Жишээлбэл, ямар төслийг ногоон гэж үзэж санхүүгийн дэмжлэг, баталгаа олгохыг тогтоохын тулд “ногоон таксономи” (байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал)-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хуульд нарийвчлан тусгасан аж. Түүнчлэн олон улсын донор байгууллагуудын эх үүсвэр бүхий санхүүжилтийг төр арилжааны банкнуудаар дамжуулан бизнесүүдэд санхүүгийн баталгаа, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох “зөвшөөрөл”-ийг тус хуулиар өгчээ.
Дөрөвдүгээрт, дасан зохицох болон сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг чухалчилжээ. Уур амьсгалын өөрчлөлтийг бид бүрмөсөн зогсоож чадахгүй ч эрчмийг нь сулруулж, сааруулж, хохирол багатай даван туулах боломжтой. Бороотой үед хүмүүс түүнийг хэрхэн зогсоох бус, яаж бага норох, хохиролгүй өнгөрөөх тухай боддогтой ижил гэсэн үг. Улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааг нэг зоосны хоёр тал мэт үзэж хамтад нь “авч явдаг”-ийн учир энэ. Тэгвэл манай улс цаашид уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг салбар болох хөдөө аж ахуй, хот, суурин газрын дэд бүтцийн төлөвлөлтөд энэ бодлогыг чанд баримталж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр хуульчилжээ. Эрсдэлийг бууруулах салбар дундын зохицуулалт гэдэг томьёолол, шинэ ойлголтыг гаргаж ирсэн байна. Түүнчлэн Парисын хэлэлцээрээр Монгол Улсын хүлээсэн үүрэг буюу Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг таван жил тутамд шинэчлэн хэрэгжүү лэх эрх зүйн үүргийг хуульд заажээ.
Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрч лөлтийн бие даасан хуулиар дамжуулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, карбон зах зээлийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх болон байгальд суурилсан дасан зохицох шийдлүүдийг нутагшуулан бодит үр дүн гаргаж байна. Тодруулбал, Британи, Герман, Шинэ Зеланд зэрэг улс уур амьсгалын суурь хуулийнхаа хүрээнд “нүүрстөрөгчийн төсөв” тогтоож, хараат бус шинжээчдийн хороо байгуулан хяналт тавьснаар хүлэмжийн хийг амжилттай бууруулж чадсан. Мөн Чили зэрэг хөгжиж буй орон нүүрсний цахилгаан станцуудыг үе шаттай хаахыг хуульчилж, карбон татвар, ногоон бондын бодлогыг амжилттай нутагшуулсан бол Сахелийн бүсийн улсууд хууль эрх зүйн дэмжлэгтэйгээр хөрс хамгаалах уламжлалт аргыг сэргээж, ургацын хэмжээгээ 16-30 хувиар өсгөжээ.
Харин Монгол Улс дэлхий нийтийн жишгээр баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа бодитой хэрэгжүүлж, дээрх орнуудын адил үр дүн гаргаж чадах уу гэдэг нь анхаарал татаж байна. Газар нутгийн 76.8 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжсөн, уур амьсгалын өөрчлөлтөд нэн хүчтэй өртөж буй манай орны хувьд энэхүү хуулийг зөвхөн цаасан дээр үлдээлгүй, хүлэмжийн хийн тооллого, салбар дундын хяналтын тогтолцоог (MRV) чанд хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Хэрэв бид шинэ хуулийн хүрээнд ногоон шилжилтийг ухаалгаар дэмжиж, бэлчээр сэргээх, ойжуулах зэрэг байгальд суурилсан шийдлээр карбон кредит үүсгэж чадвал бусад орны адил байгаль орч ноо хамгаалаад зогсохгүй, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бодитоор бий болгож чадна.
Н.Мишээл