Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр өнгөрсөн баасан гарагт тохиож, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд судалгаа, шинжилгээ, танин мэдэхүйн цөөнгүй арга хэмжээ өрнүүлэв. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачид цоохор ирвэсийн судалгааг 1970-аад оноос хойш хийж, олон нийтэд бодит мэдээлэл, тоо толгой, тархац нутгийн талаар танин мэдэх боломж бүрдүүлж ирсэн. Улмаар 2018 онд тархцын судалгааг хийж, үүгээр тоо толгой нь 806-гаас 1127-д, хамгийн сүүлд 1200-д хүрснийг баталсан юм. Ингэснээр Монгол эл амьтны тоогоороо дэлхийд II-т бичигдсэн хэвээрээ байна.
Төв Азийн Монгол, Афганистан, Пакистан, БНЭУ, Балба, БНХАУ, Бутан, Орос, Казахстан зэрэг 12 улсын Алтай, Тэнгэр, Памир, Хинду куш, Хархорум, Гималайн уул нуруудаар нийт 1.6 сая ам км газарт тархан нутагладаг цоохор ирвэсийн тоо өдгөө хамгийн цөөндөө 4500, цаашлаад 7500-д хүрсэн байх магадлалтайг Дэлхийн байгаль хамгаалах холбооноос мэдээлжээ. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцоор хамгаалдаг эл амьтныг манай улс ч Амьтны тухай хуулийн дагуу нэн ховор ангилалд багтаан, 1962 оноос хойш агнахыг хориглосон билээ. Тиймдээ ч өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалахад үлэмж ач холбогдолтой цоохор ирвэсийн тархац нутгийг хамгаалах, тоо толгойг нь одоогийнхоор нь хэвээр хадгалах зорилт дэвшүүлэн ажиллаж буйгаа албаныхан хэллээ.
О.Ундрах