Америкт ажиллаж, амьдардаг морин хуурч М.Уртнасантай ярилцлаа. Тэрбээр хөгжмийн сургалтын “Хуурчийнхан” төвийн АНУ дахь салбарын тэргүүн юм. Мөн тэнд морин хуурын фестиваль зохион байгуулдаг залуусын нэг. Морин хуурын чуулгын хөгжимчнөөр ажиллаж байсан, 2006 оноос АНУ-д суурьшиж, гэр бүлтэй болсон, хоёр хүүгийн аав түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.
-Америк дахь Морин хуурын III фестивалийг зохион байгуулахаар зэхэж байгаа юм билээ. Ажил нь амжилттай юу?
-Ажил сайн. Фестиваль энэ сарын 27-29-нд Вашингтон хотод болно. Бид төлөвлөсний дагуу үндсэндээ жилийн турш бэлтгэсэн. Наадмын хүрээнд зохион байгуулдаг морин хуурчдын уралдааныхаа бүртгэлийг аравдугаар сарын 1-нээр хаагаад байна. Нас насны 70 морин хуурч уралдаанд оролцох нь. Энэ жил зөвхөн Америкт байдаг гэлтгүй Канад, Япон, Германаас хуурчид цуглахаар байна. Гурван өдөрт уралдаанаа ч явуулан дүгнэж, бусад ажлыг ч амжуулна.
-Бид төлөвлөсний дагуу бэлтгэлээ гэсэн. Бид гэж хэн, хэн бэ?
-Уралдааныг санаачлагч “Хуурчийнхан” төвийнхөн болон III наадмын гүйцэтгэх багийнхан юм. Хойд Америк дахь “Морин хуур” төвийн гишүүн Б.Алтанзаяа, морин хуурч, Чикаго дахь морин хуурын сургалтын “Гийнгоо” төвийн тэргүүн, энэ удаагийн наадмын шагналтнуудын болон нийт багш, мэргэжлийн уран бүтээлчийн нэгдсэн тоглолтын найруулагчаар ажиллах А.Даваазориг, бүжигчнээр ажиллаж байсан Б.Цэнгэл, Вашигтон дахь ажлыг зохицуулагч бөгөөд маркетингийн ажлыг хариуцаж буй Б.Эрдэнэ-Оюун, “Анура мюзик” студийн захирал У.Хатанболд, өмгөөлөгч П.Ганзориг, нисэхийн инженер Энхтуяа, “Google” компанийн инженер Г.Мандахгэрэл нар юм.
-Хүчирхэг баг санагдлаа.
-Морин хуураа түгээн дэлгэрүүлэхийг, энэ хөгжмөөр хичээллэдэг монголчууд болон гадаадынхныг фестивальд сэтгэл ханамжтай оролцуулахыг чин сэтгэлээсээ хүсэж буй хүмүүс. Хол хол амьдардаг болохоор зайлшгүй тохиолдолд цуглаж ажиллахаар хот дамжин нисэх хэрэг ч гарч байна. Ер нь нэлээд ажил болдог юм.
-“Хуурчийнхан” төвийн тухай танилцуулна уу.
-Морин хуурын чуулгынхан 2001 онд дэргэдээ хөгжмийн сургалтын төвийг ийм нэртэйгээр байгуулсан юм. Зөвхөн морин хуур гэлтгүй өөр зэмсгээр сургалт явуулах зорилго тавьсан. Гэхдээ бүгдийн ажил, ачаалал их байсан болохоор хэн хүнгүй санаснаараа анхаарч амжихгүй байлаа. Би Америкт ирснийхээ дараа 2010 онд багшийгаа урьсан юм. Хоёулаа хамт эндхийн хэд хэдэн их сургуульд морин хуур, монгол хөгжмийн талаар лекц уншиж, тоглолт хийсэн.
-Ц.Батчулуун багш биз дээ?
-Тийм ээ. Тэр үед “Хуурчийнхан” сургалтын төвийн Америк дахь салбарыг байгуулж, багшаасаа гарын үсэгтэй батламж авсан.
-Тэр үеэс морин хуурын фестиваль зохион байгуулдаг болъё гэж бодсон уу?
-Ер нь ирсэн цагаасаа хойш янз бүрийн газарт тоглосон. Тэр бүрийд хүмүүс энэ зэмсгийг сонирхож, сурах сан гэж хэлдэг байв . Тиймээс болж өгвөл ингэж ярьж байгаа бүх хүнийг сургах сан гэж боддог байсан юм. 2006 оны байдлаар энд мэргэжлийн морин хуурч дөрөв л байв. Хол хол байдаг бид амьдардаг газартаа дор бүрнээ цөөн хүнд заахаас хэтрэхгүй. Тэр үед багш бидний болон сурч байсан хүмүүсийн зорилго их явцуу байв. Хүүхдээ хөтөлж авчран шавь оруулахдаа “Цагаан сар, наадмаар ганц, хоёр дуу тоглож, гэрийнхээ жаврыг үргээдэг болчихвол сайн байна” гэж хэлсэн хүмүүс ч бий. Морин хуур тоглож сурах, зааж сургах зорилго ердөө энэ. Яваандаа хөгжмөө илүү олон хүнд хүргэх, энэ урлагийг түгээх арга замуудын нэг нь фестиваль зохион байгуулах юм байна гэж бодсон л доо. Тийм болохоор “Хуурчийнхан” төвөөс би, Мичиганы их сургуулийн Г.Эрдэнэбат, Б.Баяржавхлан гээд гурвуул анхны наадмыг 2019 онд Мичиганы их сургуулийн Монгол соёлын төвтэй хамтарч явуулсан юм. Тухайн үед цаашид тогтмолжуулна гэсэн бодолтой байгаагүй. Гэтэл санаснаас хэд дахин илүү амжилттай болоод, оролцсон хуурчид, суралцагсдын сэтгэгдэл их өндөр байсны зэрэгцээ “Дараагийн наадам хэзээ вэ” гэж асуугаад байлаа. Тиймээс ийм арга хэмжээ морин хуур суралцагсдад их хэрэгтэй юм байна гэж дүгнээд, бололцооныхоо түвшинд хоёр жил тутамд зохион байгуулдаг болох уу гэж ярилцсан юм. Төлөвлөгөөгөө ч удалгүй гаргасан.
Морин хуур сонирхогчдыг хооронд нь уулзуулж байх, бие биеэсээ сурч, найзалж, нөхөрлөх, санаа бодлоо солилцож, нээлттэй харилцах боломж олгох, сурах идэвхийг нь өрнүүлэхийг зорилгоо болсон. 2020 онд Г.Эрдэнэбат, Б.Баяржавхлан бид гурав хамтарч Хойд Америк дахь “Морин хуур” төв гэсэн байгууллага үүсгээд, “Монгол хэл, монгол соёл” хэмээх онлайн тоглолт зохион байгуулсан юм. Өвөр Монголд монгол бичгийг хорьж эхлэхэд, бид энэ соёлоо авч үлдэх, дархлааг сайжруулах нь зүйтэй гэсэн санаа дэвшүүлэхээр ийм тоглолт хийсэн. Энэ нь бидний шинэ байгууллагын анхны ажил байв. Үүний дараа 2021 онд Америкийн баруун эрэгт буюу Калифорни мужийн Сан-Франциско хот дахь Берклийн их сургуульд Монгол оюутны холбоотой нь хамтарч Морин хуурын II наадмаа зохион байгуулсан. Одоо бол гурав дахийг Монгол Улсын ЭСЯ болон хөгжмийн сургалтын “Анура мюзик” төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Америк дахь Морин хуурын фестивалийн хамгийн том дэмжигч байгууллага нь Монгол Улсын Морин хуурын чуулга. Уран бүтээлчдэдээ, мөн морин хуурыг дэмжигч “Цэндийн Батчулуун” сан, хөгжим урлалын “Эгшиглэн магнай” болон “Пегасус” компанийн хамт олон, бас Америкт ажиллаж, амьдардаг хувь хүмүүс, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагынхан дэмжиж, тусалдагт талархдаг. Хүмүүс морин хуураа түгээн дэлгэрүүлэхийн төлөө ингэж нэгддэг.
-Та яагаад Америкт амьдрах болов?
-Анх ирэхдээ удна гэж бодоогүй. Гэтэл нэг мэдэхэд эндхийн амьдралд ууссаар байгаад, улмаар гэр бүл зохиож, суурьшсан. Бүр 17 жил болжээ. Нэг л өдөр Монголдоо амьдрахаар очих бодол, төлөвлөгөө бий.
-Та зөвхөн морин хуураа тоглож, зааж байна уу?
-Үгүй ээ. Ажлынхаа хажуугаар фестивальдаа санаа тавьдаг.
-Яагаад морин хуурч болсон бэ?
-Манай өвөөгийн хүсэл байсан юм. Өвөө минь дуу хуурт эвлэг, уртын дуу сайхан аялдаг хүн байлаа. Нэг өдөр надад “Хөгжим бүжгийн сургуульд очиж шалгуул. Чиний насны хүүхдүүдийг авах юм байна. Тэнцвэл морин хуурын ангид ороорой ” гэлээ. Үнэнийг хэлэхэд, хөгжмийн зэмсгүүдийн нэрсийг ч мэддэггүй нөхөр очоод, шалгалтуудыг нь даваад элсчихсэн. Өвөө 1997 онд өөд болохоосоо өмнө морин хуур сурч эхэлснийг минь мэдсэн, нэг, хоёр дуу тоглож сурсныг минь сонссон.
-Хүү нь хүслийг нь биелүүлжээ.
-Тийм гэж хэлж болох байх аа. Миний өвөө Монгол Улсын манлай уяач Д.Гарамжав юм.
-Улс даяараа мэдэх алдартан. Танаар хурдан морьдоо унуулж байв уу?
-Би өвөө, эмээгийн хүү. Монгол хүүхдүүд тав, зургаан настайгаасаа морь унаж сурдаг. Би ч гэсэн багаасаа морь унасан. Улсын наадамд зургаан жил уралдсан шүү .
-Ямар амжилт үзүүлж байв даа?
-Тухайн үед одоогийнх шиг олон наадам болдоггүй байлаа. Улсын наадамд хоёр түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн