УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн нэр дэвшигчдээс 154 нь эхний шатанд бүдрэв. Уг нь нам, эвслээс болон бие даагч нийт 1416 хүн баримт бичгээ СЕХ-нд хүргүүлсэн байжээ. Тус хорооноос пүрэв гаргийн орой эдгээрээс 1245-ыг нь нэр дэвшигчээр бүртгэж, дээрх тооны хүнийг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргасан нь шуугиан тарьсан юм. Татварын өртэй, баримт бичиг дутуу нь гол шалтгаан байсан аж. Нийт 139 хүнийг ийм шалтгаанаар түдгэлзүүлжээ. Эл зөрчлөө тэд зургаадугаар сарын 2-нд буюу өчигдөртөө багтаан засаж, СЕХ-нд хүргүүлэх боломжтой байлаа. Хэдийгээр бүх нийтийн баяр, амралтын өдрүүд таарсан ч холбогдох төрийн байгууллагууд ажиллаж, тэдэнд зөрчлөө арилгах боломж олгосон байна. Хэдэн хүн материалаа засаж ирүүлснийг СЕХ өнөөдөр мэдээлэх аж.
Ял эдэлж байгаа таван ч хүнийг гуравдагч хүчний намуудаас нэр дэвшүүлжээ. Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр уг сонгуульд оролцож чадахгүй байж мэдэх нөхцөл үүслээ. Түүнийг “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон” гэсэн шалтгаанаар нэр дэвшигчээр бүрт гэхээс татгалзсан юм. Энэ удаагийн сонгуулиар олон нийтээс багагүй дэмжлэг авч мэдэхээр, хүчтэй өрсөлдөнө хэмээн хүлээж байгаа тус эвслээс, ялангуяа Н.Номтойбаяраас эрх баригчид ихэд айж буй бололтой.
“ШҮДНИЙ ӨВЧИН”
Н.Номтойбаяр 2020 оноос хойш л МАН-ын “шүдний өвчин” болсон. Тус намаас “хөөгдсөн”-ийхөө дараа тэрбээр 2020 оны сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэрээ дэвшүүлнэ гэдгээ тавдугаар сарын 20-нд нь олон нийтэд зарласан юм. Үүнээс найм хоногийн дараа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэр гаргаж, хэрэгжүүлэв. Түүнд анх нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2-ын худал мэдүүлэх, 22.1-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдүүлсэн юм билээ. Гэхдээ Дээд шүүх Н.Номтойбаярын хоёр шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд, хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж, албан тушаалдаа хайнга хандсан үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйл ангиар буруутгажээ. Тэрбээр жил арай хүрэхгүй хугацаанд ялаа эдлээд суллагдсан.
Тэгвэл 2024 оны сонгуульд нэр дэвшихийн өмнө дээрх үйл явдал давтагдах нөхцөл үүсээд байна. Түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үндэслэлдээ СЕХ-ныхон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан шалтгааныг дурджээ. Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү “Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичгийг СЕХ буруугаар тайлбарлаж, хүний сонгогдох эрхэд халдаж байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой зохицуулалт оруулсан. Н.Номтойбаярын хувьд Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан зүйлчлэлээр буюу албан тушаалдаа хайнга хандсан гэж буруутгагдсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг нь хүний идэвхтэй үйл ажиллагаа шаарддаг, шунахайн сэдэлтэй, өөртөө болон бусдад давуу тал олгох шинж чанар агуулдаг. 23 дугаар зүйлд хамаарах гэмт хэрэг хүнээс идэвхтэй үйл ажиллагаа шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь доор ажилласан хүмүүс алдаа гаргасан учраас даргад нь хариуцлага хүлээлгэсэн” гэсэн тайлбар хийсэн юм. Н.Номтойбаяр ч өөрөө мэдэгдэл хийж,“ЦЕГ-т лавлагаа авахаар хүсэхэд УИХ-ын сонгуулийн тухай хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж албан ёсны хариулт өгсөн. Дахин хүсэлт явуулахдаа “Энэ албан бичигт дурдсан зүйл заалт нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд алга” гэхэд мөн л хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлсэн, тодорхойгүй хариу өгсөн” гэжээ.
Түүнийг нэр дэвшүүлэхгүй байх зааврыг цагдаагийн байгууллага ч, СЕХ ч хэрэгжүүлээд байна уу гэсэн хардлага энэ бүхнээс төрж буй юм. Үүнийг ч тэрбээр өөрөө баталж, нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “МАН-ын дарга намайг нэр дэвшүүлэхгүй байх ажлыг захиалсан” хэмээн шулуухан хэлсэн байна лээ. МАН-ын “ах” нарыгаа ил тод шүүмжилдэг, буруушаадаг учраас цөс ихтэй энэ залуу эрх баригчдад таалагддаггүй аж. Мөн олон нийтийн дунд Үндэсний эвсэл, Н.Номтойбаярын нэр хүнд муугүй байгаа учир шударгаар өрсөлдвөл хэдэн суудлаа алдчихна хэмээн айж буй бололтой. Сүүлийн найман жилд манай улс ардчиллын гол гол индексээр ухарч, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө илт хумигдаж байгаа нь нууц биш. Ийм л байдлаар өрсөлдөгчөө унагах тактикийг эрх баригч нам хэрэгжүүлж эхлэв үү. Захиргааны хэргийн шүүх түүний гомдлыг 30 хоногийн дотор шийдэх юм билээ. Гэтэл УИХ-ын сонгууль болоход 24 хоног л үлдэж байна. Шүүх хүссэн асуудлаа шуурхай шийдэж чаддаг, гэхдээ энэ тохиолдолд тэгж ажиллах, эсэх нь ч эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр шүүхдэж байтал сонгууль болох нь. Гэхдээ тэрбээр ямар ч нөхцөлд эвслээ удирдаж сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд буй. 2020 оны түүх давтагдаж, цагдан хорьчихгүй бол шүү дээ.
15 ХҮН ХАСАГДАХ УУ
Энэ удаагийн сонгуульд АН, МАН, ХҮН-ээс гадна Иргэний хөдөлгөөний нам 126 хүн нэр дэвшүүлсэн юм билээ. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн үүсгэн байгуулаад хаясан уг намынхан идэвхжиж, хүний нөөцөө хангалттай бүрдүүлж чадсан байх нь. Гэхдээ 126 хүнээс долоо нь татварын өртэй, нэг нь ял эдэлж буй гэсэн шалтгаанаар бүртгэхээс түдгэлзсэн байна. Монголын хүний төлөө хэмээх намаас 50 хүн нэр дэвшүүлэхээр материалаа өгсний 26-г нь бүртгэхээс татгалзсан байх юм. Нийт нэр дэвшигчийн 52 хувь нь татварын өр, бичиг баримтын ямар нэг зөрчилтэй гэхээр тус намынхан сонгуулийн үйл явцад үнэхээр “хайнга” хандсан байх нь. Тэдний дотор тус намын дарга Х.Бат-Ялалт багтаж байна. Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 12, Бүгд найрамдах намаас 13, Шинэ нэгдсэн эвслээс 10, Иргэний зориг намаас 11 хүнийг бүртгэхээс татгалзжээ. Тэдний олонх нь татварын өр, бичиг баримтын зөрчил учраас залруулаад болчихно. Тэгвэл Үндэсний эвслээс гурван хүнийг “Өөр намын гишүүнчлэлтэй” хэмээн бүртгэсэнгүй. Тэд нь МАН-аас “нүүж ирсэн” хүмүүс байгаа юм. Үнэн ба зөв намаас мөн өөр намын харьяалалтай нэг нэр дэвшигч “илрүүлсэн” гэнэ. ХҮН намын нэг нэр дэвшигч төрийн жинхэнэ албанаасаа чөлөөлөгдөхөө “мартсан” байсан гэнэ.
Эхний шатандаа бүдэрсэн хүмүүсийн дотор МАН-аас татварын өртэй хоёр хүн гарсан нь УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Батсүмбэрэл болон УИХ-ын гишүүн, хоёрдугаар тойрогт өрсөлдөж буй Ц.Цэрэнпунцаг нар. Тэд СЕХ-ны шийдвэр гармагц татварын өрөө төлж, материалаа дахин хүргүүлсэн байна. АН-аас жагсаалтын долоо дугаарт эрэмбэлэгдсэн жүжигчин Ж.Баясгалан мөн татварын өрөө барагдуулаад, материалаа дахин хүргүүлжээ. АН-ынхны гомдол, санал үндсэндээ цэгцэрч, зарим нь хувь заяатайгаа эвлэрч буй бололтой. Тус намын Үндэсний бодлогын хорооны шийдвэр буюу албан ёсны цахим хуудсанд нь нийтэлсэн нэр дэвшигчдийн жагсаалтад тавдугаар тойрогт С.Баярцогтын нэр одоо ч дурайсан хэвээр байна. Гэвч СЕХ-нд өгсөн жагсаалт, албан бичигт нь түүний нэр байхгүй юм билээ.
Татварын өр, бичиг баримтын зөрчилтэй 139 хүн алдаагаа засчихна. Үлдсэн 15 дотроос хэрэв татварын асуудлаар ял авсан бол “өршөөж”, алдаагаа засах боломж бий юм байна. Гэхдээ ял шийтгэлтэй хэмээн хасагдсан таван хүний хэд нь дээрх ангилалд хамаарах талаар мэдээлэл алга. УИХ-ын сонгуулийн хуулийн 34 дүгээр зүйлд нэр дэвшигч нас барсан болон шүүхээр ял шийтгүүлсэн нөхцөлд нөхөн сонгууль явуулахаар заасан юм. Харин албан ёсоор нэр дэвшигчээр тодорч, үнэмлэхээ аваагүй учраас бусад төрлийн ялтай горилогчдын оронд нам, эвслүүд өөр хүн нэр дэвшүүлэх боломжгүй аж. Тэгэхээр татвараас өөр төрлөөр ял авсан хүмүүс болон 801 хүний гарын үсэг дутуу дөрвөн бие даагч, хуулийн хугацаанд төрийн албанаасаа чөлөөлөгдөөгүй ХҮН намын нэг горилогч, өөр намын харьяаллаасаа гараагүй байсан дөрвөн хүн бүр мөсөн хасагдах нь. Тэдний энэ “алдаа”-г засах боломжгүй гэнэ. Эдгээр нь тухайн хувь хүний хайнга байдалтай холбоотой алдаа учраас гомдоллох шаардлагагүй биз. Харин хасагдах хүмүүсийн жагсаалтад Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нэмэгдэх, эсэхийг ирэх өдрүүдэд шүүхийн шийдвэрээс харах нь. Тэрбээр МАН-ын эсрэг тэмцэнэ гэж буй ч бүх шатандаа нэг зорилго, даалгавар дор нэгдсэн “бaг”-ийг дийлэх, эсэх нь эргэлзээтэй. Хуулийн бүх шаардлагаа хангасан хэдий ч эрх баригчдад таалагдаагүй учраас сонгогдох эрхээ эдлэхгүй байх нь тэмцэх шалтгаан мөн. Уг нь хуульд заасан шаардлагыг хангасан хэн бүхний сонгогдох эрхийг бүрдүүлж, тэгш гараанаас шударга өрсөлдөх нь ардчиллын гол зарчим юм. Гэвч эрх баригч намд ийм ойлголт үгүй бололтой.