Хуульчдын VI их хурал өнгөрсөн бямба гарагт болж, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Мөн зөвлөлийн гишүүдээ батламжилж, холбооны ерөнхийлөгчийн цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулан, гишүүдийн татварыг нэмэх, холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчид Н.Баасанжав, Г.Батзаяа, М.Мөнхбат нар нэр дэвшсэн байна. Санал хураалтын дүнгээр Н.Баасанжав 33, Г.Батзаяа 144, М.Мөнхбат 219 санал авчээ. Их хурлын сонгуульд оролцсон нийт төлөөлөгчийн 55.5 хувийн саналаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр М.Мөнхбатыг сонгов. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш юм.
Хурлын нээлтэд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын ерөнхийн прокурорын орлогч М.Чинбат, Монголын хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч Д.Батсүх тэргүүтэй хүндэт зочид оролцжээ. Тус их хурлаар 55 хүнийг Зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Мөн хуульчдын татварыг 30 000 төгрөг болгон нэмжээ. Түүнчлэн Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн цалинг 8 000 000 төгрөгөөр шинэчлэн тогтоов. Ташрамд, тус холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр, зөвлөлийнх гурван жил аж. Өөрөөр хэлбэл, өмнөх ерөнхийлөгч улиран сонгогдох боломжгүй юм.
Ч.Болор