Иргэд бидэнд хотын даргатай уулзах, харилцах шаардлага бараг гардаггүй. Харин хорооны даргатайгаа бол хүссэн үедээ уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг бид харьяа баг, хорооны Засаг дарга, эмч, цагдаагаас анхлан авдаг шүү дээ. Харамсалтай нь, иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны Засаг дарга нар энэхүү давуу байдлаа ашиглан оршин суугчдынхаа итгэлийг эвдэх, эрх ашгийг нь арилжих, үзэл бодлыг нь худалдах, үнэт зүйлийг нь үгүй хийдэг болоод уджээ. Төрийн анхан шатанд жинхэнэ холион бантан хутгадаг хүмүүс бол хорооны дарга нар гэдгийг олон нийт хэлсээр ирсэн. Тодруулбал, тэдний хамгийн сайн хийж чаддаг ажил нь намын ухуулагч болсныг иргэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх аж.
Төрийн анхан шатны нэгжүүдэд хүний нөөцийн тогтворгүй байдал сонгуулийн жил бүр нүүрлэж, иргэдтэйгээ эвсэж ажиллаж дадаагүй байхад л дараагийн шинэ хүн нь томилогддогийг оршин суугчид шүүмжилсээр байна. Улс, аймаг, нийслэлийн сонгуультай жилүүдэд баг, хорооны Засаг дарга нарын 50-иас илүү хувь нь шинэчлэгддэг гэхээр тэднийг улс төрийн намуудын шахааны хүмүүс гэж хардахаас ч аргагүй юм. Баг, хорооны Засаг дарга нарыг ажлын туршлагагүй, чиг үүргээ сайн мэддэггүй хэрнээ ухуулга сурталчилгаа хийхдээ тун гаргуун гэдгийг ч иргэд хэлдэг. Түүгээр ч зогсохгүй хорооны ажилчдаа нам, бусаар нь ялгаварлан гадуурхдаг, иргэдийн эрх ашгийг эрхэмлэх бус, амьжиргааны түвшнээр нь ангилж харилцдаг тохиолдол ч нийтлэг гэх.
Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь 1992 оноос баг, хороо, дүүрэг, аймаг, нийслэлийн зохион байгуулалтад орсон түүхтэй. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны өнгөрсөн жилийн судалгаагаар, Монгол Улс 21 аймаг, 330 сум, 1647 баг, нийслэл, есөн дүүрэг, 204 хороо гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй байна. Хороо нь Улаанбаатар хотын, баг нь аймгийн засаг захиргааны анхан шатны нэгж гэсэн үг. Баг, хороо бүр Засаг даргатай бөгөөд улсын хэмжээнд өдгөө төрийн анхан шатны нэгжид 1851 Засаг дарга ажиллаж, иргэдэд үйлчилж буй юм. Нийслэлийн есөн дүүрэг саяхныг хүртэл 152 хороотой байсан ч хүн амын нягтаршлаас шалтгаалан заримыг нь хувааснаас өдгөө 204 хороогоор иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.
Баг, хорооны Засаг дарга нарын бүрэн эрх, чиг үүрэг, ажиллах хүрээ өргөн. Иргэдийн хувийн нууцад хамаарах, хуулиар хамгаалах ёстой бүх мэдээлэл хорооны цахим сан, сэйфинд нь цоожлоотой хадгалагдаж байдаг. Тэр ч утгаараа аймаг, сум, баг, хорооны Засаг даргын бүрэн эрх, чиг үүргийг тогтоосон 141 хууль улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй гэвэл та итгэх үү. Энэ олон хуульд баг, хорооны Засаг даргын ажлын чиг үүрэгт хамаатай заалт ямар нэгэн байдлаар орсон гэсэн үг. Засаг дарга нь хууль бүрээс өөрийн эрх хэмжээтэй холбоотой заалтыг нэгбүрчлэн хайх бус, зөвхөн тухайн хуулиар зохицуулж байгаа харилцаанд ямар эрх, үүрэгтэй болохоо мэдэх, үйл ажиллагаандаа мөрдөх хариуцлага хүлээдэг аж.
Харин манай баг, хорооны дарга нарын олонход нь эдгээр хууль тогтоомж сонин биш. Тэдэнд зөвхөн намын, эрх мэдэлтнүүдийн “хууль” л илүүтэй үйлчилдэг гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Нийгэм, олон нийтийг цочроосон ямар нэгэн хэрэг гарах бүрд түүнийг намжаах “хөзрийг” хорооны дарга нар атгаж суудаг нь худал биш. Хамгийн сүүлийн жишээ гэвэл нэг гэр бүлийн зургаан хүн угаарын хийн хордлогоор амиа алдсан мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Тухайн гэр бүлээс цор ганцаар амьд үлдсэн цэрэг хүүгийн мэдэгдлийн хажуугаар олны анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх зорилготой зүйл нийгмийн сүлжээгээр цацагдсан нь талийгаачдын хувийн, эмзэг мэдээлэл байсан юм. Хохирогчдыг архины хамааралтай, нэн ядуу өрх байсан, хорооноос тэдэнд тусламжийн гэр хүртэл өгсөн, ганцаараа үлдсэн хүүг хулгайн гэмт хэрэгт орооцолдож байсан гэх зэргээр хуулиар хамгаалах ёстой бүх нууцыг улс орон даяар дэлгэсэн. Эдгээр мэдээллийг фэйсбүүкийн групп чатаас задруулж, нийгмийн сүлжээнд байршуулсан гэх Б-г дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн шалгаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл саяхан мэдэгдсэн билээ. Тэгвэл амь хохирогчдын эмзэг, нууц мэдээллүүдийг үүнээс өмнө хэн анх задруулсан байх вэ гэдэгт иргэд, олон нийт талцаж, хорооны даргыг хамгийн их сэжиглэсэн байв. Өөрөөр хэлбэл, дээрх мэдээллийг хорооны ажилчдаас өөр сайн мэдэх хүн байхгүй гэж иргэд үзжээ.
Хороодын Засаг дарга нар энэ мэт хов “хутгадаг”, тэр дундаа сонгуулиар иргэдийн регистрийн дугаар, оршин суугаа хаяг, гэр бүлийн байдал, амьжиргааны түвшин, сонгогчийн тоо зэргийг нэр дэвшигчдэд хээвнэг арилждаг, тэдний ухуулагчдад зүгээр л тараачихдаг. Ухуулагч нэртэй хорооны хэсгийн төлөөлөгчид нь сонгуулийн сурталчилгаа хийх нэрийдлээр иргэдийн гэрт дайрч орох, утасны дугаар луу нь залгаж, тэрнийг дэмжээрэй гэж шахдаг, шаарддаг үзэгдэл хавтгайрсан. Хорооноос үйлчилгээ авах гээд зогсож байхад хүртэл “Та чинь тэддүгээр байрны төдөн тоотод амьдардаг биз дээ. Манай хүнийг дэмжээрэй” хэмээн ичих ч үгүй иргэдийн сонголт хийх эрхэд халддаг, хувийн мэдээллийг нь олны өмнө задруулдаг, зарладаг. Түүнийгээ ч юманчинээ боддоггүй. Төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын хандив, зээл, тусламж, хүнсний талон зэргийг зорилтот бүлэгт бус, танил талдаа давуу эрх олгон хүртээдэг гэхчлэн тэднийг тойрсон шүүмжлэл тасардаггүй.
Тэгвэл хорооны Засаг дарга нар гэж ямар хүмүүс байх ёстой вэ. Тэдний ажлын чиг үүрэгт иргэдийн эрх ашиг, үзэл бодол, сонгох эрхэд нь халдах заалт байдаг болов уу. Төрийн анхан шатны нэгжийн удирдлагад хамаарах хуульд заасны дагуу Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлж, төр төлөөлөгчийн хувьд хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг хариуцдаг, онцгой албан тушаалтан юм. Засаг даргын эрх мэдэл хуульд зааснаар тодорхойлогдож, мөн хязгаарлагдана. Тиймээс төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмын хүрээнд тухайн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргээ мэддэг, аливаад гаргах шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь дүрэм журамд нийцсэн байх шаардлага зүй ёсоор тавигддаг.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлгүй, татварын өр төлбөргүй, ял шийтгэлгүй байх шалгуур хангах ёстой. Нэр дэвшигчийг иргэд, нийтийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгож, дээд шатны Засаг дарга нь батламжилдаг хуультай. Хэдийгээр Засаг даргын бүрэн эрх, чиг үүргийг тогтоосон олон хууль байдаг ч түүнийг сонгох буюу хэнийг томилох вэ гэдэг журам, шалгуур шаардлага нь ийн бараг байхгүйтэй адил аж. Мөн холбогдох хуулиудад тэдний мэргэжил, ажлын туршлага, хууль, эрх зүйн талаарх мэдлэг нь харилцан адилгүй тусгагдсан байх юм. Тиймдээ ч үндэсний хэмжээний нийт баг, хорооны 1851 Засаг даргын нас, хүйс, ажлын туршлага, мэдлэг, ур чадвар, боловсролын түвшний талаарх нэгдсэн мэдээлэл улсад өнөө хэр нь бүртгэлгүй байдаг гэх. Энэ талаар ҮСХ-ныхноос тодруулахад “Баг, хорооны Засаг дарга нар улс төрийн албан тушаалтнууд учраас хүний нөөцийн нарийвчилсан судалгааг манайх хийдэггүй. Төрийн албаны зөвлөл, эсвэл улс төрийн намууд иймэрхүү судалгааг хэсэгчлэн хийдэг байж магадгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнд хамаарах хүн амын тоон судалгаа бол манайд бий” гэсэн юм.
ҮСХ-ны 2021 оны ажлын гүйцэтгэлийг үнэлэх судалгаанд “Хүн ам, өрхийн мэдээллийн санд шинэчлэлт хийхэд статистикийн анхан шатны мэдээ, тайлан, тооллого судалгааг хариуцдаг баг, хорооны Засаг дарга нарын 28.4 хувь нь мэргэжилгүй, 54.4 хувь нь мэргэжлийн бус байна. Мөн Засаг дарга нар тайлан хоцроодог, компьютер, программ ашиглах чадвар муу байгаа тул зайлшгүй чадавхжуулах шаардлагатай” хэмээн дурдсан байв. Үүнээс өөр, нийслэлийн хэмжээн дэх хороодын боловсон хүчний талаарх судалгаа лав алга. Хорооны Засаг дарга нар мэдлэг, чадваргүй, боловсролгүй, улс төрийн нам, эвслийн шахааны хүмүүс байх нь эрх мэдэлтнүүдэд ашигтай болж таарлаа.
Баг, хорооны Засаг дарга нар уг нь харьяа нутаг дэвсгэртээ хуулийн биелэлтийг хариуцдаг, тус чиг үүргээ холбогдох ажлын алба болох Тамгын газар, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлдэг учраас хуулийн мэдлэг шаарддаг албан тушаалтан юм. Тийм байтал төрийн анхан шатны 2000 орчим удирдах албан тушаалтны нас, хүйс, боловсрол, ур чадварыг нь үнэлж, судалдаггүй гэхээр маш хачирхалтай. Аймаг, сумын хэмжээнд энэ талаарх ганцхан зорилтот судалгаа бий. Тухайлбал, 2023 онд Хөвсгөл аймгийн 128 багийн Засаг дарга нарын ердөө гурав нь л эрх зүйч мэргэжилтэй, 57 хувь нь анх удаа томилогдон ажиллаж байжээ. Багийн ЗДТГ-ын албан хаагчид тогтвор суурьшилтай ажилладаггүй, мэргэжилтэй албан хаагч цөөн, зарим нь хүний нөөцгүй байгаа нь орон нутаг, иргэдийн тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд судалж, шийдвэрлүүлэх, аливаа төслийг хууль зүйн үндэслэлтэй боловсруулах, хянах, удирдлагыг үндэслэлтэй мэдээллээр хангаж чадахгүй байна гэжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу төрийн байгууллагын анхан шатны нэгж баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулж, тэдний мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд төр, засгаас анхаарч байгаа гэх. Үүний хүрээнд хурал, чуулган тогтмол зохион байгуулж, онлайнаар мэргэжил, арга зүйн болон ёс зүй, хуулийн нэгдсэн сургалтуудад жил бүр хамруулдаг болсон аж. Гэвч бодит байдалд Засаг дарга нар хэт улстөржсөн шийдвэр гаргадаг, төрийн албан тушаалтны наад захын ёс зүйгүй, мэргэжил, ур чадварын хувьд ч хангалтгүй хэвээрээ байгааг олон хүн шүүмжилсээр буй юм.