Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ес дэх удаагийн сонгууль хоёр жилийн дараа болно. Парламентын сонгуулийн уур амьсгал дуусахтай залгуулаад л дараагийн Төрийн тэргүүн хэн байх тухай яриа хөөрөө гарч, эрх баригч намынхан хөшигний ард “хор найруулгаа” эхэлсэн юм. УИХ-д суудалтай намаас Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Үүний дагуу МАН-аас гадна АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвслээс уг сонгуульд нэр дэвшигчээ сойх нь. Аль намаас хэнийг нэр дэвшүүлэх тухай таамаглал, эчнээ сунгаа хэдийн өрнөж байна. Үүний дунд эмэгтэй хүний нэр ч дуулдаж буй.
Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэх тухай байнга ярьдаг ч манай улс Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэндээ ганцхан л удаа эмэгтэй хүн нэр дэвшүүлж үзсэн байх юм. Тэгвэл 2027 онд эл түүх давтагдах, эсэх, улмаар эмэгтэй Төрийн тэргүүнтэй болох магадлал бидэнд бий юү.
Цорын ганц эмэгтэй нэр дэвшигч
Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Монгол Улс нийт найман удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулаад буй. Нэр дэвшүүлэх намын тоо хязгаартай учраас цөөхөн өрсөлдөгчтэй, ялагч нь бүх ард түмний саналаар сонгогддогоороо уг сонгууль онцлог. 2005 онд дөрвөн хүн өрсөлдсөн нь хамгийн олон нэр дэвшигч болж байжээ. Найман удаагийн сонгуульд давхардсан тоогоор 23 хүн нэр дэвшсэний дотор цорын ганц эмэгтэй байсан билээ. МАН-аас өрх тусгаарласан МАХН-ынхан 2012 оны сонгуульд МҮАН-тай хамтран оролцож, УИХ-д 11 төлөөлөлтэй болсон. Уг хоёр намын хамтарсан Шударга ёс эвслээс түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг 2013 оны Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлсэн нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал байлаа. Тэрбээр АН-ын Ц.Элбэгдорж, МАН-ын Б.Бат-Эрдэнэ нартай өрсөлдөхдөө 80 563 хүний буюу оролцсон нийт сонгогчийн 6.5 хувийн санал авсан нь чамлахааргүй амжилт юм.
Манай улс хэдийгээр парламентын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувь болгон ахиулж, Азийн дундаждаа хүрсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд ийм л богинохон түүхтэй сууна. Тэгвэл дэлхийд анх Аргентин улсад 1974 онд эмэгтэй Дэд Ерөнхийлөгч сонгож байжээ. Исланд улс 1980 онд Вигдис Финнбогадоттирыг Ерөнхийлөгчөөрөө сонгож, улмаар энэ эмэгтэй дараагийн гурван ч сонгуульд ялж, 16 жил Төрийн тэргүүнээр ажилласан аж. БНСУ, Филиппин зэрэг Азийн орноос эхлээд дэлхийн 30 гаруй улс эмэгтэй Ерөнхийлөгч сонгосон түүх бий. Одоогийн байдлаар Мексик, Барбадос, Молдав, Грек, Танзани, Косово, Энэтхэг зэрэг 20 орчим улс эмэгтэй Төрийн тэргүүнтэй юм байна.
Хэн хэн хаанаас нэр дэвших вэ
МАН. Эл намд Төрийн тэргүүнээ үргэлжлүүлэх хүсэлтэй нэг, шинээр сонгогдох амбицтай бас нэг хүн бий. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй анхны улс төрч. Гэхдээ эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, эрх зүйн хүрээнд түүнд улирах боломж байхгүй. Учир нь МАН үнэмлэхүй олонх байхдаа буюу 2019 онд Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлт оруулсан билээ. Тиймээс У.Хүрэлсүх уг заалтаас “зөвхөн нэг удаа” гэдгийг хасах сонирхолтой байгаа тухай мэдээлэл гараад удсан. Харин удаах хүн нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр Төрийн тэргүүнийг бүх ард түмнээс биш, парламентаас сонгодог болгох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар яриа хөөрөө хийж буй гэх. Ингэвэл УИХ-ыг хэдийн хяналтдаа авсан, бүх цаг үеийн хамгийн их эрх мэдэлтэй эл Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн сэнтийд хүрэх зам амархан болно. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүрэлдэхүүнээ өөрөө томилж, чөлөөлөхөөс эхлээд олон эрх мэдлийг Засгийн газрын тэргүүнд өгсөн. Улмаар сайд нар нь бүгд УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй. Парламентад суудалтай бүх намыг ямар нэг байдлаар эрх мэдэл, албан тушаалаар чөдөрлөж, УИХ-ыг атгандаа оруулаад авчихсан сууж буй. Тэгэхээр МАН дотор энэ хоёр хүний дунд өрсөлдөөн өрнөх нь. Харин эмэгтэй хүн нэр дэвшүүлэх талаар 100 гаруй жилийн түүхтэй, төрийн эрхийг голдуу барьсаар ирсэн эл намынхан ямар ч санаачилга гаргахгүй. Нөгөө талаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэмжээний чадвар, туршлага, мэдлэг, ёс зүйтэй эмэгтэй МАН-д бий юү гэдэг нь чухал. Харамсалтай нь, УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдээс нь харахад тийм итгэл найдвар, гэрэл гэгээ алга.
АН. Сонгогчдын итгэлийг эвдэж, саналыг нь эрх мэдлээр худалдсан хэдий ч АН-д иргэд найдсан хэвээр байна. МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан сүүлийн 10 орчим жилд хэвлэлийн эрх чөлөө, авлигын индексээр манай улс улам бүр ухарсаар байгаа тул ардчиллаа аврах ганц хүчин гэж тэдэнд итгэсээр буй юм. Тэгвэл эл намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх бол. Тарж бутарсан намаа нэгтгэж, хэдий шүүмжлүүлж буй ч төрийн эрх барилцах хэмжээнд хүргэсэн хэмээн Л.Гантөмөрт мандат олгох уу. Гэвч Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн дагуу дотооддоо хөдөлгөөн хийхдээ түүнийг өөрчилнө гэсэн яриа эрчимжиж байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын нэр дуулдаж буй. Сунгаанд өөрийн хүслээр оролцох хүний нэг бол гишүүн С.Ганбаатар. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, улмаар ялах нь түүний мөнхийн мөрөөдөл. ХҮН, МАХН дамжин эл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг хайсаар тэрбээр одоо АН-д “суурьшаад” байгаа юм. Мөн 2017 онд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж үзсэн туршлагатай. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад ч санаа бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадвал тэрбээр хүч үзэхээс буцахгүй. Эл жагсаалтад нэг ч эмэгтэй байхгүйг уншигчид анзаарсан байх. Уг нь АН-ын бүсгүйчүүд илүү тулхтай, ёс зүйтэйгээрээ МАН-ынхнаас ялгардаг. Боломж олговол З.Нарантуяагаас эхлээд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, улмаар сонгогдох ч чадамжтай бүсгүйчүүд энэ намд бий. Гэвч АН-ынхан мөн л бүсгүйчүүддээ боломж олгох сонирхолгүй байна.
ХҮН нам. Тус намаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Харин энэ удаа намын дарга Т.Доржханд өөрөө хүч үзэх магадлалтай юм.
ИЗНН. Парламентад дөрвөн суудалтай эл намаас дарга Б.Батбаатарыг нэр дэвшүүлэх магадлал өндөр. Жижиг намын дарга нар өөрсдөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг жишиг бий. Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг олон нийт таамаглалд оруулж иржээ. Одоогоор энэ намыг төлөөлөх дүр төрх нь намын даргаасаа илүү эл бүсгүй болоод буй учраас тэр. Гэхдээ Төрийн тэргүүн хийх хэмжээний туршлага, чадвар түүнд үгүй. Мөн насны шалгуурт хүрэхгүй. Нөгөө талаар энэ намын үүсгэн байгуулагч, анхны дарга С.Оюуныг нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хүн бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, чадвар, ёс зүйн шалгуурт бүрэн нийцэх улс төрч. Олон улсын байгууллагад ажиллаж яваа эл эмэгтэй хэрэв эргэн ирвэл ИЗНН-д нэлээд боломж гарч мэднэ.
Үндэсний эвсэл. Уг эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчид нэр дэвших 50 насанд хүрээгүй. Тиймээс Үндэсний эвслийг бүрдүүлэгч Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нараас нэр дэвшүүлэх магадлалтай. Өмнө нь дэд сайдаар ажиллаж явсан, илүү тулхтай улс төрчийн хувьд Б.Цогтгэрэл нь зөв хувилбар байж мэднэ. Мөн чадварлаг, ёс зүйтэй улс төрч эмэгтэй болох УИХ-ын гишүүн А.Ундраа ч нэг хувилбар байхыг үгүйсгэхгүй юм. Хэрэв Н.Номтойбаяр улс төрийн хувьд манлайлал үзүүлж чадвал уг эвслээс эмэгтэй хүн нэр дэвшүүлж, шинэ жишиг тогтоож чадна.
Нэр дэвшигчдийн талаар ярихад хэдийгээр эрт ч нам тус бүрд сунгаа өрнөж байгаа нь нууц биш. НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д манай улс нэгдэж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа тодорхой өөрчлөлт оруулж, парламент дахь бүсгүйчүүдийн оролцоог нэмж чадлаа. Гэвч илүү өндөр албан тушаалд эмэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх, тэдэнд боломж олгохыг эрэгтэй улс төрчид хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. МАН, АН-ынхан хариуцлагатай, том албан тушаалд хэзээ ч эмэгтэй хүн нэр дэвшүүлж байгаагүй нь үүний баталгаа. Харин гуравдагч хүчний МАХН хэмээх одоо татан буугдсан намынхан ийм манлайлал үзүүлж чадсан юм. Тиймээс УИХ-ын сонгуульд 50 хувьд нь бүсгүйчүүдийг сойсон ХҮН нам, мөн эмэгтэй лидерээрээ танигдсан ИЗНН-ынханд түүх бичих боломж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад айлчлах үеэрээ “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: Монгол Улс-Феминист чиглэлийн гадаад бодлого” сэдэвт симпозиумд оролцож үг хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь тэднийг хамруулсан арга хэмжээ, олгосон албан тушаалын талаарх статистик тоо огтхон ч биш. Харин манлайллыг нь бодитоор хүлээн зөвшөөрөх ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт юм” хэмээн хэлсэн байна лээ. Намууд шалгуурт тэнцсэн эмэгтэй улс төрчийг нэр дэвшүүлбэл түүнийг дэмжих сэтгэл зүй монголчуудад хэдийн бүрдсэн гэж найдна. Улиг болсон дүр төрхүүдээс татгалзаж, улс төрийн хор найруулгаас хол эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж яагаад болохгүй гэж.