-Цагаан сарын зоогийг суурин соёлд нийцүүлэх шаардлагатай болжээ-
Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Сар шинийн баярын дараа хүүхнүүд жин нэмснээ гайхаж, эрчүүд бууз жигнэх хугацаагаар өлдлөө хэмээн маазрах. Тав хоног зай завсаргүй шахуу идэж, уусан хүмүүс жин нэмж, амаа хөдөлгөхгүй бол ходоод нь хонхолзох нь аргагүй. Цаг цагт нэг цаддаг, Цагаан сараар нэг цаддаг гэж ярьдаг ч идээ ундааг хэтрүүлж бус, зүй зохистой хэрэглэн, биедээ рашаан болгон хүртэх нь зүйтэй.
Нэг үеэ бодвол монголчууд бид Цагаан сарын баярынхаа идээ зоогийг эрүүл мэндэд тустай байлгахад анхаардаг болжээ. Таваг дүүрэн тарган сүүл, данхайсан том өвчүү тавьж, хэд хонуулж муутгаад хог дээр хаяхаас өөр аргагүйд хүрдэг жишээ цөөнгүй байлаа. Харин сүүлийн үед зарим айл хонины өвчүү, дал дөрвөн өндөр, гургалдай зэргийг чанаж бэлдэн, ирсэн зочдодоо тохируулан мах шүүсээ шинээр нь дайлах болж. Мөн нийслэл салатыг нэг дор их хэмжээгээр хийж, хэдэн өдрийн турш тавгаа дүүргэдэг бүдүүлэг явдлыг ч халжээ. Салат, зуушийг зочид ирэхэд шинээр нь хутгаж, хоол биш, хор болохоос сэргийлдэг болов. Гэвч баярын зоогийн нэр, төрөл цөөн, дандаа “хүнд” төрлийн хоол давамгайлсан хэвээр. Өөрөөр хэлбэл, хүний биед удаан шингэдэг хоол хүнс хэрэглэсээр байна. Махнаас гадна бүхэл үрийн бүтээгдэхүүн, ногоо, жимс, сүү, тараг зэргийг өдөр тутамдаа хэрэглэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь эрүүл, урт удаан амьдрахын үндэс гэж эмч, мэргэжилтнүүд үздэг билээ. Гэтэл манайхан өнөөх л хуучинсаг үзэл, сэтгэлгээнээсээ салж чадахгүй, олон нэр, төрлийн хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж заншсангүй. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд ахмад настан, хүүхдүүдэд тохирох хоол олддоггүй. Өөхтэй мах, бууз, өтгөн сүүтэй цай, хольж хутгасан салат, хиам зэргийг хүүхдүүд идэх дургүй. Айлчин гийчинд дарагдан, баярлаж, хөөрсөн томчууд хүүхдэдээ зориулан хоол хийж өгөх нь тун ховор. Олдож буйгаа идсээр гэдэс, ходоод нь хямарч, хордлого авах, гүйлгэх зэргээр хүүхэд, багачууд “хэлмэгддэг”. Тиймээс баярын ширээнийхээ зоог, идээ шүүсний нэр, төрлийг олшруулах, жимс, ногоо, цагаан идээ, амин дэмээр баяжуулах хэрэгтэй болжээ.
Хэд хоног ширээн дээр “заларсан” тарган хонины мах, үхрийн өвчүү, хэвийн боовыг хэрхэх тухайгаа мэдэхгүй, толгой гашилгаж суугаа хүн бишгүй болов уу. Цагаан сарын хоол, зуушийг хэрхэн зөв технологиор хадгалах, хэрэглэх талаар хүнсний инженер О.Гал-Очироос тодруулсан юм. Тэрбээр “Монголчууд бид нүүдэлчин ард түмэн ч суурин соёлд шилжээд олон жил болж байна. Үндэсний уламжлалт баяр наадмаа тэмдэглэхдээ ч амьдралын хэв маягтайгаа уялдуулах шаардлага тулгарлаа. Өөрөөр хэлбэл, дулаан байранд том том ууц, өвчүү тавьж муутгахын оронд махыг идэх хэмжээгээрээ бага багаар зууш маягаар бэлдвэл тохиромжтой. Идээ зоогийг идэхийн тулд бэлддэг шүү дээ. Тасалгааны хэмд бүхэл махыг 3-5 хонуулахад уургийн ялзрал явагддаг. Энэ нь маханд хорт бодис ялгаруулж, хордлого авахад хүргэдэг юм. Хэвийн боовны тухайд бол үйлдвэрлэсэн газраасаа шалтгаалж янз бүрийн чийглэгтэй байдаг. Чийглэг хэр их байна, тэр хэрээр хөгцрөх аюултай. Хөгц, мөөгөнцөр нь аажмаар бий болсоор хэвийн боов тэр чигтээ идэх аргагүйд хүрдэг. Гэхдээ хэвийн боов махыг бодвол амархан муудахгүй. Идээгээ хураасны дараа хэвийг боовыг хөргөгчиндөө хөлдөөж хадгалах нь зөв. Бууз хэдийгээр хүнд хоол ч зочдод шинээр нь жигнэж өгдөг тул “аюулгүй”. Өөрөөр хэлбэл, хөлдөөж хэрэглэдэг хүнс учир муудах эрсдэлгүй” гэв. Мөн түүнээс Цагаан сарын баяраар өргөн хэрэглэдэг сүүтэй цай махтай хэрхэн зохицдог, хийжүүлсэн ундаа болон архи, дарсыг бүхэл хоолны дараа хэрэглэх нь нийцэх, эсэхийг лавлахад “Хүмүүс идээ зоогийг ихэвчлэн шинээр нь хадгалж, хэрэглэхийг хичээдэг болсон нь сайшаалтай. Жишээлбэл, салатны төмсийг чанаж бэлтгээд хөргүүрт хадгалаад ирсэн зочдод шинээр нь хутгаж өгч байна. Сүүтэй цайны тухайд бол мах болон буузтай хамт хэрэглэхэд буруудах зүйлгүй. Мах төмөр, сүү кальциар баялаг. Шинжлэх ухааны үүднээс бол эдгээрийг хамт хэрэглэснээр төмөр нь кальцийг биед шимэгдэхийг саармагжуулдаг. Гэвч монголчууд эртнээс сүү, махыг хамтад нь хэрэглэсээр ирсэн тул бие махбод нь хэдийн дасан зохицчихсон. Нөгөөтээгүүр, бие махбодын онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд төмөр бараг илүүддэггүй. Харин эрэгтэйчүүд төмрийн илүүдэлд өртөх эрсдэлтэй. Тэгвэл өөхтэй мах идсэний дараа согтууруулах ундаа хэрэглэх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг. Хийжүүлсэн ундаа нь мах, гурилыг шууд задлахгүй ч хоол шингээлтэд нөлөөлдөг. Цагаан сарын уламжлалт идээ ундааг бүхэлд нь өөрчлөх шаардлагагүй ч оновчтой хэлбэрт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, махан хоол хүнсийг Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон гэдэг ч хотын иргэд гадаа хүйтэнд алхахгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй, дулаан байранд ихэнх цагаа өнгөрүүлж байна шүү дээ. Нэгэнт суурин иргэншилд шилжсэн учраас хооллолтдоо анхаарч, аль болох олон нэр, төрлийн хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай” гэв.
Амьдралын хэв маяг, ахуйн соёл маань өөрчлөгдсөн ч хооллох соёл, унд хоолны нэр, төрөл сайжирсангүй. Наад зах нь дөнгөж хоолонд орж буй хүүхдэдээ юу өгөхөө мэддэггүй, амнаасаа хооллодог, аминдэм, шим тэжээл болохоос илүү гэдэс цатгах төдийгөөр ходоодоо дүүргэдэг гээд тоочоод байвал мундахгүй. Манай улсад далд өлсгөлөн нүүрлэснийг олон судалгаанаас харж болно. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-өөс 2023 онд хийсэн “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний зургаа дахь судалгаагаар эрүүл бус хүнсний хэрэглээ, жимс, ногоо огт хэрэглээгүй хүүхдийн тархалтыг үнэлэхэд 10 хүүхэд тутмын дөрөвт нь чихэрлэг ундаа уулгасан, эрүүл бус хооллосон байжээ. Мөн аминдэм, эрдсээр баялаг жимс, хүнсний ногоог гурван хүүхэд тутмын нэг нь огт хэрэглэдэггүй гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын дөрөв нь эрүүл бус хүнсээр хооллож байна. Энэ нь илүүдэл жинд хүргэж буй юм. Тодруулбал, илүүдэл жингийн тархалт дэлхийд 5.6, Азид 5.1 хувьтай бол Монголд 11.3 хувьтай байгааг НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалан хэлсэн. ДЭМБ-аас хүн өдөрт 400-500 гр жимс, хүнсний ногоо хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Харин манай улс эл зөвлөмж хэмжээнд хүрдэггүй билээ. Түүнчлэн насанд хүрсэн хүн хоногт зургаан нэгж уураг хэрэглэх ёстой аж. Нэг нэгж нь 40 гр махтай тэнцдэг. Тэгэхээр хүн хоногт 240 гр мах хэрэглэх нь. Гэхдээ зөвхөн улаан мах биш, өндөг, уураг агуулдаг хүнсний ногоо зэргийг хольж хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг юм. Өөрөөр хэлбэл, өглөө нэг ширхэг өндөг идсэнээр нэг нэгж уургаа нөхөх боломжтой. Мөн 80 гр сүү, уураг агуулсан хүнсний ногоо 100 гр гэх мэтээр хоногт авах ёстой зургаан нэгж уургийг нөхөж болох гэнэ.
Улс үндэстэн бүр өөр өөрийн онцлогийг илтгэсэн нэрийн хоолтой. Харин манай улсын уламжлалт хоол юу вэ. Саяхан энэ тухай Х сүлжээнд хүмүүс санал бодлоо солилцсон байна билээ. Тэдний олонх нь бүхэл мах гэж хариулж. Дараа нь бууз, хуушуур, банш, цуйван, гурилтай шөл гэх мэт бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоолны нэрийг дурджээ. Эдгээр хоол нь зөвхөн мах, гурилаас л бүрддэг. Өөрөөр хоолны нэр, төрлийг нэмэх, ядаж л ямар хүнс нь алинтайгаа зохицохыг мэддэг байх нь эрүүл мэндийн наад захын боловсрол юм.
Монголчууд бидний хүнсэндээ хамгийн өргөн хэрэглэдэг хонь, үхрийн мах нь уургаар баялаг ч хэтрүүлэн хэрэглэвэл хорт хавдарт хүргэх эрсдэлтэй. Мах нь 19 төрлийн үл орлуулах амин хүчил агуулдаг. Эдгээр амин хүчил нь зөвхөн маханд байдаг. Гэвч мах их идэх нь, буруу технологиор боловсруулсан махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг ДЭМБ-ын Хавдар судлалын олон улсын агентлагаас анхааруулсан билээ. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүнийг нэгдүгээрт, хорт хавдарт үүсгэгч мөн, хоёрдугаарт, хорт хавдар үүсгэх магадлалтай, гуравдугаарт, хорт хавдар үүсгэдэггүй гэж ангилдаг байна. Харин улаан махыг хавдар үүсгэх магадлалтай ангилалд хамаатуулж үзжээ. Ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Мөн хиам, зайдас, утсан мах зэрэг нь хорт хавдар үүсгэх магадлалтай ангилалд багтдаг. Гэхдээ бүх зүйлийг хэтрүүлж бус, хэмжээнд нь хэрэглэвэл аюулгүй гэдгийг санах хэрэгтэй. Иймээс хоол хүнсний талаар зөв мэдлэг, ойлголттой байж, өдөрт хэчнээн гр мах, үр, тариа, ногоо, жимс хэрэглэхээ мэддэг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх нь олон төрлийн өвчнөөс сэргийлэх нэг алхам болох нь. Харамсалтай нь, бидний олонх нь тэнцвэртэй хооллож чаддаггүй. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гэмтэж бэртэх, осолд өртөх, цаашлаад амиа алдсан ч тохиолдол цөөнгүй. Энэ жилийн Цагаан сарын баярын өдрүүдэд гэхэд зам, тээврийн ослоор 13 иргэн эндэж, 41 хүн гэмтсэн байна. ГССҮТ-ийнхөн ачааллаа дийлэхгүйд хүрч, тавхан хоногт тус төвийн Яаралтай тусламжийн тасгаар 2000 орчим хүн үйлчлүүлжээ. Өнгөрсөн онд архины хордлогоор таван хүн эмчлүүлсэн байна. Ахмад буурлаа хүндэтгэн, ахан дүүсээ мэдэлцэж учран золгодог уламжлалт баярын учир утгыг алдагдуулж, ууж идэхээ хэтрүүлдэг явдлыг зогсоох цаг болжээ. Өөх, тостой хоол идсэний дараа архи, согтууруулах ундаа хэрэглэх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг тухай эмч нар хэлж, анхааруулсаар ирсэн. Гэвч Цагаан сар болон бусад баяраар хутга тавихгүй мах идэж, хундага тавихгүй архи уусаар. Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх, тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулдаг. Эл эрхтнийг үрэвсүүлдэг гол шалтгаан нь буруу хооллолт, архидалт. Тиймээс баяр наадмын өдрүүдэд биедээ хор биш, хоол болох идээ, ундаа сонгох, махны хэрэглээгээ багасгах шаардлагатай байна. Цагаан сарын дараа архи болон хоол хүнсэнд хордсон, ходоод, нойр булчирхай нь үрэвссэн хүмүүсийн хөлд эрүүл мэндийн байгууллагууд дарагдсаар байх уу.