Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн дахиад талаас илүү хувь нь дэд бүтэцгүй, төвийн шугамд холбогдоогүй стандартын бус орчинд амьдарч байгаа нь нэн тэргүүний анхаарах асуудал. Улаанбаатарыг хэрхэн хүн амьдрахад таатай орчин болгох вэ гэдэгт онцгой анхаарах шаардлагатай. Монголын нийслэл бол хүн амьдрахад таатай хот биш. Маш их түгжрэлтэй, хотын төв нь эрчимтэй барилгажсан, гэр хороолол нь орхигдсон, ногоон байгууламжийн хүртээмж муу. Эдгээр асуудлыг нэг дор шийдэх боломжгүй, гэхдээ гэр хорооллын орчныг сайжруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарахаас өөр замгүй.
Яап Ван Хиердэн (Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч)
Улсынхаа нийслэлд амьдарч буй атлаа цахилгаан, дэд бүтцэд холбогдоогүй өрх Улаанбаатарын гэр хороололд өчнөөн. Үндсэндээ хотын төв, гэр хорооллын бүсэд тэгш бус байдал гаарчихлаа. Тиймээс Улаанбаатар хотыг ойрын жилүүдэд одоогийнхоос нь хэт тэлэхгүйгээр нягт төлөвлөлттэй хөгжүүлэх нь зохистой. Хот өөрийн үндсэн үйлчилгээг үзүүлж, хангаж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд хэт тэлчихвэл цаашдаа нөхцөл байдал улам дордоно. Тиймээс одоохондоо нягт байлгах нь чухал. Үүний тулд гэр хорооллын газрыг үнэд оруулах, амьдрах орчныг сайжруулах, иргэдийн тав тухыг хангахад анхаарах шаардлагатай.
Э.Золзаяа (“Бүтээлч-100” холбоог үүсгэн байгуулагч, урбанист)
Дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн урт халаалтын улиралтай нийслэлд багтдаг Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрээр хангагдаагүй, суурь дэд бүтэцгүй гэр хорооллын бүсэд амьдарч байна. Энэ нь нийслэлд хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, амьдрах орчны ялгаатай байдлаас үүдэлтэй тэгш бус байдал гүнзгийрсний жишээ. Хотын удирдлагууд, эрх мэдэлтнүүд Улаанбаатарын төвийн бүсэд нийтийн хэрэгцээнд зориулсан зам, дэд бүтэц, барилга барих аргагүй болтол орон зайн хомстолд оруулсан бол гэр хорооллын газрыг замбараагүй олгож, үнэгүйдүүлсэн.
Н.Үнэнбат (Хот төлөвлөлтийн мэргэжилтэн)
Улаанбаатар хотын асуудлаар уулзаж ярилцсан, санал солилцсон хүн бүр гэр хорооллыг өөд нь татаж, өнөөгийн бэрхшээлээс нь салгах цаг болсныг хэлж байна. Дээрх гурван хүн гэхэд нийслэлийн гэр хорооллын иргэд суурь дэд бүтцэд холбогдоогүй, анхдагч хэрэгцээгээ хангаж чадахааргүй дорой, тарчиг орчин нөхцөлд амьдарч байгаа нь нэн тэргүүнд анхаарах, хамгийн түрүүнд шийдэх бэрхшээл хэмээн дурдсан юм. Мөн гэр хорооллын газрыг эргэлтэд оруулж, үнэд хүргэх нь хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх, дахин төлөвлөлтийг оновчтой, үр дүнтэй болгох, амьдрах орчныг сайжруулах хамгийн зөв шийдэл гэдгийг хэн хэн нь онцолсон.
Хэрэв хотын удирдлагууд, зохих шатны байгууллагынхан нь мэргэжлийн хүмүүсээ сонсдог, тэдний оролцоог бодитоор хангадаг, тооцоо, судалгаанд үндэслэсэн алсын хараатай бодлого, шийдвэр гаргадаг, төлөвлөгөө хэрэгжүүлдэг байсан бол гэр хорооллын иргэдийн амьдрах орчны асуудал өнөөдөр ийм хэмжээнд хурцаар хөндөгдөхгүй байв. Харамсалтай нь, тэд гэр хорооллыг анхаарлын төвөөс гадна үлдээх хот төлөвлөлтийн хуудуутай бодлого хэрэгжүүлж ирсэн учир нийслэлчүүдийн талаас илүү хувь нь амьдардаг энэ бүс хөгжлийн хоцрогдлоороо XXI зуунд “гологдож”, тэртээд алсарсаар байгаа юм. Бид 10 жилийн өмнө ярьж байсан зүйлсээ ч одоо ч хөндсөөр, гэр хорооллынхныг модон жорлон, хөрсний бохирдлоос нь салгаж, цахилгаан, дулааны эх үүсвэрээр хэрхэн хангах вэ гэдэгт санаа бодлоо чилээсэн хэвээр. Хотын одоогийн дарга Х.Нямбаатар болон түүний багийнхан уламжлал ёсоор энэ талаар нухацтай ярьж, гарц шийдэл эрэлхийлж “хөдөлж” эхэлсэн мэт харагдахыг ихэд хичээж буй тул мэргэжлийн хүмүүс ч тэдэнд зөвлөгөө, “шипи” өгөхөөр ийнхүү байр сууриа уйгагүй илэрхийлсээр байна.
Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах асуудлыг 2010-аад оны үеэс эрчимтэй ярьж эхэлсэн. Үүний гол зорилго нь иргэдэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, төр иргэдийнхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, агаар, орчны бохирдол зэрэг хотын тулгамдсан бэрхшээлүүдийг шийдэх байсан юм. Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед энэ чиглэлээр зөвшилцөлд тулгуурласан хамгийн бодитой, үр дүнтэй ажлуудыг хийсэн бол үүнээс хойших нийслэлийн удирдлагууд дахин төлөвлөлтийг удаашруулж, гацааж ирснийг учир мэдэх хүмүүс хэлдэг, бид ч бодитоор харсан. Улс төрчид гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг утаа, түгжрэлийн адил сонгуулийн хөзөр, попрох сэдэв болгож ирснээс биш нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр, оновчтой байдлаар хэрхэн хэрэгжүүлэхэд анхаарсан нь үгүй. Ядаж л суурь дэд бүтцээр бүрэн хангаж чадаагүй шүү дээ. Үр дүнд нь хөгжлийн эрс ялгаатай хоёр бүс (хотын төв ба захын гэр хороолол)-д хуваагдсан өнөөгийн Улаанбаатар бий болов.
Газраа дахин төлөвлөлтөд хамруулж, байртай болох сонголт хийсэн 1500 иргэн байр ч үгүй, хашаа хатгах газар ч үгүй болж хохирч үлдсэнийг хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн онд мэдээлж байв. Ийнхүү хохирсон иргэдэд НОСК-ын өмчлөх эрхтэй байруудаас санал болгоно хэмээн тэрбээр ам гарсан нь мөн л 2024 оны сонгуулийн өмнөхөн байлаа. Улаанбаатарын гэр хорооллыг “аврах” дахин төлөвлөлтийн төлөвлөгөө иргэдийн амьдралд ямар “өөрчлөлт”, үр дүн авчирсныг энэ баримт гэрчилж байна. Харин цаашид зөвхөн эл төлөвлөгөөнд найдаж, орон сууцжуулах бодлогод баригдалгүй хотын захын хорооллын амьдрах орчныг сайжруулахад анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, гэр хороооллын айлуудыг нэг дор байранд оруулж чадахгүйгээс хойш, угаасаа ийм боломжгүй тул одоогийн орчин нөхцөлийг нь сайжруулж, хашаандаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.
Эрх мэдэлтнүүд хотын тулгамдсан бэрхшээлүүдийг шийдэх гол түлхүүр нь гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцжуулах гэдэг. Харин энэ чиглэлээр үр дүнтэй, тууштай ажилласангүй гэж хариуцлага нэхэхээр “Орон сууцжуулах нь урт хугацааны шийдэл” гэж хойш суудаг. Харин одоогийн нийслэлийн удирдлагууд “Хот төлөвлөлтийг цэгцлэх гарц нь дэд төв” хэмээгээд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн зургаан шинэ дэд төвийг есөн жилд байгуулна хэмээн тал талд баахан ажил өрнүүлж байгаа. Богино хугацаанд олон мянган айлыг хашаанаас орон сууцад шилжүүлэх “амлалт” өгөөд буй. Гэвч энэ ажил хаана очиж “хана мөргөж”, хэчнээн айлыг гудамжинд гаргахыг таашгүй. Дээрээс нь Улаанбаатарыг олон төвт хот болгож хөгжүүлэх Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын одоогийн төлөвлөгөө гэр хорооллын иргэдийн хашааны газрыг захиргаадалтын хэлбэрээр, албадан хураах байдлаар төрийн мэдэлд төвлөрүүлж, нэр бүхий барилгын томоохон компаниудад давуу нөхцөлтэйгөөр олгох гэсэн башир арга хэмээн эсэргүүцэх, шүүмжлэх хүн ч цөөнгүй. Тиймээс л гэр хорооллыг хүн амьдрахад таатай бүс болгох, хот төлөвлөлтийн баримт бичгүүдийн гол үзэл баримтлал болох “Улаанбаатарыг тэнцвэртэй хөгжүүлэх” зорилтыг биелүүлэх асуудлыг мэргэжлийн хүмүүс энэ цаг үед ул суурьтай хөндөж эхэллээ. Тэгээд ч гэр хорооллыг хөгжүүлж, инженерийн дэд бүтцийг нь бүрэн шийдчихвэл иргэд заавал хотын төвд, орон сууцад суурьшина гэж хошууралгүй нийслэлийн захын дүүргүүдэд ч ая тухтай амьдрах боломж бүрдэнэ шүү дээ. Иргэд ч эрүүл, аюулгүй орчин, дэд бүтцийн хүртээмжид санаа зоволгүйгээр хаана амьдрахаа шийднэ, сонгоно гэсэн үг.
Гэр хороололд амьдардаг иргэдэд ямар хэрэгцээ шаардлага хамгийн ихээр тулгамдаж байна вэ гэдгийг нэн түрүүнд бодолцох хэрэгтэй. Өнөө маргаашгүй шинэ орон сууцтай болохоос илүү амьдран буй орчноо тохитой, аюулгүй, цэвэр цэмцгэр болгох нь тэдэнд чухал. Гэр хорооллын газрыг үнэд хүргэж, хотыг жинхэнэ утгаар нь тэнцвэртэй хөгжүүлэх үндэс суурь нь ч энэ. Япон, Сингапур зэрэг газар нутаг багатай улс орнууд зай талбайг хэрхэн оновчтой ашиглаж, хот сууринаа төлөвлөдгийг бид гадарлана. Харин манай улс энэ зовлонгоос ангид учир хот төлөвлөлтдөө хайнга хандаж, гэр хорооллыг замбараагүй, “шоовдорлогдсон” бүс болгож, газрыг нь үнэгүйдүүлсээр байна гэлтэй.