-Шоронд хүртэл эдэлдэг мэдэх эрх тань шоовдорлогдсон энэ л хуультай хамт явдаг юм шүү-
Засгийн газраас санаачлан боловсруулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг УИХ-аар дэмжсэн нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан гол сэдвүүдийн нэг байлаа. ХЗДХ-ийн сайд уг хуулийн төслийг “гал атгасан” мэт зүтгүүлсээр парламентын босгыг давуулсны учир нь “Алсын хараа-2050” хөтөлбөрийн Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм бүтээх зорилгын хүрээнд 5.5.9-д “Хэвлэлийн эрх чөлөөг бүх талаар хангаж, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлнэ” гэж, мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.2.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж заасантай холбоотой болохоос бус, сэтгүүлчдэд хайртайдаа, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлсэндээ байсангүй.
Хэдийгээр уг хуулийн төслийн талаар хачин сайхан товхимол хэвлэн бэлтгэж, эрхэм гишүүдийн ширээн дээр тавьсан боловч санал хураалгахад танилцуулга дээр арай өөр томьёоллууд оруулсан болохыг хашир сэтгүүлчид олоод харчихсан. Мөн байнгын хорооны санал хураалтын үеэр мөнөөх л автомат машин руу буруугаа өгсөн хэдий ч эрх чөлөөний хуулиа эрх баригчдаар шийдүүлэх гэж буй сэтгүүлчдийн хувьд цаанаа нэг маапаантай, хардлага тээсээр, үүдэнд нь цуглаад ч үр дүн ололгүй, парламентын босгоор давууллаа.
Парламентын 126 гишүүний аль л ардчилсан үзэлтэй, цог золбоотой, шинэ залуу гишүүд нь хэвлэлийн эрх чөлөөний талд үгээ хэлж байсан ч “талханд нуусан зүү” мэт хэдэн заалт энэ төсөлд байсан юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд сэтгүүлчдийн эрхийг 98 хувиар хамгааллаа гээд байгаа боловч сэтгүүлч хэвлэн нийтлүүлсэн мэдээ, мэдээллийнхээ төлөө эрүүгийн ял хүлээх нь хэвээр үлдсэн. Тэр ч байтугай, тендерт өрсөлдөн байж төрийн байгууллагын видео контент хийж өгдөг болох, үүний тулд баахан ХХК төрөх нь. Хариуцлагатай болох талаасаа, мөн төрийн байгууллагууд дэргэдээ “баг” ажиллуулдаг байснаас дээр боловч Хэвлэлийн эрх чөлөөнийхөө хуулиар “гал тогоо, аяга халбагаа” хуваарилуулаад сууж байх ч гэж дээ хэмээн эрхгүй бодогдов.
Угтаа эрх чөлөө олгох хууль юм бол хориглосон зүйлсээ тодорхой заагаад, бусад нь зөвшөөрөгдсөн гэсэн зарчимтай баймаар юм. Гэтэл хэтэрхий олон зүйлийг хуульд “зааж өгчээ”. Хошигнож хэлэхэд, намын дүрэм шиг л харагдлаа. Тэгэхээр эрх чөлөө олгох биш, хязгаарлах тухай заалт жин дарж байна гэдэг нь илэрхий байгаа биз.
Ганц гялтайх заалт нь цагдаагийнхан хамгийн их тулгадаг “Эх сурвалжаа хэл” гэдэг асуултад дахин ээрэгдэхгүй бололтой. Үүгээрээ бүх шүүмжилсэн асуултад хаалт болгож эрх чөлөө өгч байгаа мэтээр тайлбарлаж байна. Гэвч энэ бол нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоо мөрддөг улс орон бүрийн дагадаг л зарчим. Гэхдээ “гуя дагаж хүзүү” гэгчээр төрөөс хэдэн рийл, видеоны ажлыг нь авч хийх, цагдаагийн өмнө “эх сурвалжаа нууцална” гэж хамгаалахын төлөө юу юугаа тавиад туучихав даа.
Хуулийг шинэчлэх болсон шалтгаан нь ойлгомжтой. Техник, технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлт нь хүн бүр үзэл бодлоо олон нийтэд хандан илэрхийлэх боломжийг улам нэмэгдүүлж буй сайн талтай боловч нөгөө талаар үзэл бодлын илэрхийлэмжүүдээс бусдын нэр төр, нийгмийн ёс суртахуун, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу тэнцвэрийг олох зохицуулалтыг бий болгох нь төрийн үүрэг юм. Үүгээрээ л төр хэвлэл мэдээллийн салбарт хамааралтай.
Гэтэл энэ удаагийн хуулийн төсөлд 1998 онд батлагдсан хууль дахь үзэл санаа, зохицуулалтаас гадна “…хэвлэл мэдээллийн салбарт үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалж хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийнх нь зохицуулалтын байгууллага гэдэг нэр томьёоллоор хэвлэл мэдээллийн зөвлөл, төрийн байгууллагад ажилладаг хэвлэлийн төлөөлөгч нарын ажил руу ч хутгалджээ. Үнэн хэрэгтээ бидний эрхийг хамгаална гэх тус зөвлөлийн шийдвэрийн дараа ч шүүхийн өмнө шүүгдсэн хэвээрээ байгаа нь цаашид эргэж харах л асуудал. Гэхдээ төрийн оролцоогүйгээр, салбарынхан дотроо энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Үүнийг “...эрх зүйн үндэслэлийг бий болгохтой холбоотой зохицуулалтыг тусгаж байна” гэсэн нь чамлалттай хариулт. Гашуун сонсогдлоо.
Бид салбарынхаа хүндрэл бэрхшээлийг өөрсдөө шийднэ. Төрөөс зохицуулж өгөхийг хүсээгүй. Хэзээ ч хүсэхгүй байх. Гэтэл “Эрх чө¬Эрх чөлөөний хуулиа эрх баригчдад “тушаалаа” -Шоронд хүртэл эдэлдэг мэдэх эрх тань шоовдорлогдсон энэ л хуультай хамт явдаг юм шүү- ХУУЛЬ ЁС лөөгөө эдэлье” гэхээр хариуд нь “…таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаарх мэдээлэл ил тод байх”- ыг шаардаад “Хэт төвлөрөлтөөс урьдчилан сэргийлж байгаа юм” гэх аж.
Бид төвлөрнө үү, бутарна уу, өөрсдөө мэдье. Дампуурах уу, тэрбумтан болох уу, хувь тавилангаа өөрсдөө л эдэлмээр байна. Ямартай ч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа эрх баригчдын гарт зууралдан байж тушаалаа. Цаг хором тутамд араас нь ажиглан, мэдээлэл өгөх эрхийн зэрэгцээ мэдээлэл авах иргэдийн эрхийг хамтад нь хамгаалах болно.
У.Оргилмаа