Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа “Дакар ралли”-г зохион байгуулах санааг анх олсон гэдэг. Тэрбээр эсэн мэнд ирснийхээ дараа Францыг зорьж, авто, мото спортынхонтой өөрийн бодлоо хуваалцсанаар дэлхийн шилдгүүдийн хурд сорих дуртай эл ралли эхэлжээ. Дакар зүгээр нэг уралдаан биш. Өндөр ур чадвартай, туршлагатай, тамирчдын оролцдог амь дүйсэн өрсөлдөөний талбар. Олон орны тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил болсон анхны уралдаан 1978 оны арванхоёрдугаар сарын 26-нд Францын Парис хотоос Сенегалын Дакар хүртэл болоход 182 тамирчин гараанаас гарч, 10 мянган км зам туулжээ. 48 жилийн түүхтэй авто, мото спортын олимп хэмээгддэг алдарт “Дакар ралли-2026”-д оролцох эрх авсан тамирчдыг арваннэгдүгээр сарын 5-нд албан ёсоор зарласан. Саудын Арабын элсэн цөлд ирэх нэгдүгээр сарын 3-нд эхлэх уралдаанд Монголоос мотоциклын төрөлд хоёр тамирчин тоос өргөх нь. Хоёр дахь удаагаа оролцох П.Мөрөн өнгөрсөн жил 76 дугаар байрт орсон бол, Гавьяат тамирчин Э.Халиунболд анх удаа өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Тэд элсэн цөлд 14 хоног үргэлжлэх раллид 130 тамирчинтай өрсөлдөн, 7500 км зам туулах юм. Элсэн цөлийг зорих тамирчдаа “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан дэмжин ажиллаж байна.
Манайхаас мотоциклын төрөлд Гавьяат тамирчин Д.Болдбаатар гурав, ОУХМ Н.Лхамаа таван удаа оролцсон. Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг Перу улсад 2019 онд болсон 41 дэх удаагийн раллид 5000 км-ын зайд ах дүүс болох Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 413 дугаартай оролцохдоо автомашины төрөлд 32, UTV open ангилалд III байрт орсон юм.
