Монголын хоккейн холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны төлөвлөгөөт тэмцээн болох 10, 12 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мөсөн талбайд эхэллээ. 10 хүртэлх насныхнаас “Чингэлтэй баавгайнууд” багийнхан “Багануур”-ынхныг 8:4-өөр хожсон бол МСТ-ынхан “Дархан”-ы тоглогчдыг 18:0-ээр ялж, хэсгийн хоёр дахь хожлоо авав.
12 хүртэлх насныхнаас МСТ, “Мэргэн академи” багийн тоглолт ширүүхэн өрнөв. МСТийнхэн хүчтэй өрсөлдөгчөө 8:2-оор буулган авсан юм. Тэгвэл “Буурал хайрхны чононууд” багийнхан Монгол, Оросын хамтарсан III сургуулийнхныг 6:3-аар илүүрхэж эхний хожлоо авч, гурван оноотой боллоо. Тэдний тоглолттой давхцаж, мастерс ангиллынхны (+50 нас) цомын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн мөсөн талбайд өрнөв. Тус тэмцээнд орон нутгийн зургаан багийн 80 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын О.Хишигбуян дасгалжуулагчтай, Б.Алдармөнх ахлагчтай “Бугант” багийнхан түрүүлж, алтан цомтой нутаг буцав. Тэдэнтэй аваргын төлөө тоглосон Орхон аймгийн М.Отгонбаяр дасгалжуулагчтай, Т.Пүрэвсүрэн ахлагчтай “Хангарьд”-ынхан мөнгө, ДарханУул аймгийн Б.Мөнхтогтох дасгалжуулагчтай, Б.Анхбаяр ахлагчтай “Шарын гол”-ын тоглогчид хүрэл медаль хүртсэн. Тамирчдаас шилдэг хамгаалагчаар Г.Ганхүү (“Дархан эрчим”), шилдэг хаалгачаар Б.Насанхүү (“Бугант”), шилдэг тэгш тоглогчоор Х.Ганболд (“Хангарьд”), шилдэг довтлогчоор Д.Дугарсүрэн (“Бугант” баг) шалгарав.