Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли 2026” автомашин, мотоциклын уралдааны найм дахь өдрийн гараанаас гарсан тамирчид 483 км зам туулав. Элсэн манхан ихтэй, цаг агаарын таагүй нөхцөл тамирчин, техникийн аль алиных нь “шандас”-ыг сорьсон. Шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул олон тамирчин замдаа төөрчээ. Монголоос оролцож буй “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд замынхаа зургийг сайтар уншсанаар таван цаг 16 минут 19 секундэд барианд орж, нийлбэр дүнгээр 26, “Ралли2” ангилалд 16-д жагслаа. Түүнтэй хамт уралдаж буй ОУХМ П.Мөрөн таван цаг 25 минут 37 секундэд туулснаар 30, ангилалдаа 20 дугаар байрт бичигдсэн. Ес дэх өдрийн гараанд тамирчид механикийн баг, арын албаны тусламжгүй, сүлжээгүй нөхцөлд уралдахад 57 дугаартай Э.Халиунболд эхний 196 км замд топ 10 доторх цаг үзүүлэн нийт тамирчдаас 16, ангилалдаа VII, 79 дугаартай П.Мөрөн 33, ангилалдаа 22 дугаар байрт оров. Раллигийн II хагасын сүүлийн марафон дууссан ч 10 дахь өдрийн гараанд амаргүй зам туулжээ. Уралдсан замынх 34 хувь хатуу хөрс, 28 нь элсэрхэг, 34 нь манхан, дөрөв нь хад асгатай байв. “Дакар ралли”-гийн шинжээчид Э.Халиунболдыг “Мотоциклын ангилалд улсынхаа түүхэн дэх анхны амжилтыг гаргах боломжтой харагдана. “BAS world KTM” багийн тамирчин тэрбээр 196 км-ийг ангилалдаа II(МайклДохертигоос таванминут 01 секундээр хоцорсон) шинэ тамирчдаас шилдэг 10-т бичигдэж, Rally GP-гийн мэргэжлийн тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж байна. V тойргийн дараа 11-т бичигдсэн тэрбээр энэ уралдаанд өндөр амжилт үзүү лэх бүрэн боломжтой” хэмээн дүгнэн бичжээ.