Монголчуудын эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх Үндэсний өвлийн спортын наадам энэ сарын 22-25-нд болно. Тус наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 600 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ тэмцээний төрөлд багтсан мөсөн шагай, мөсөн сурын харваа Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад өрнөх нь. Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 426 тамирчин оролцож байв. Дөрвөн жил тутамд болдог уг наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болох гэж байна. Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр цэц сорьсон харваачдаас Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв.