Олон улсын уулчдын холбооноос Швейцар улсын Саас Фэ хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын хоёр дахь цувралд Монголын баг оролцож, ур чадвараа сорив. Тэднээс эмэгтэй чүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клуб, “Олимп” спорт авиралтын төвийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт аялал жуулчлалын ангийн IV курсийн оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ хошой аваргаар тодорлоо. Тэрбээр БНСУ-ын Чонсон хотод өнгөрсөн жил болсон цувралд анх удаа түрүүлж, алтан медальтай ирсэн юм. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Францын тамирчин Лорана Бек удаалж, Чехийн авирагч Анета Лоузекка хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдээс “Дэлхийн цом”-ын чансааг тэргүүлэгч ОУХМ Ч.Мандахбаяр шагналт V байр эзэлсэн бол О.Сайханжаргал шигшээ 14-т шалгарав. Түүнчлэн техникийн төрлийн урьдчилсан шатанд Ч.Мандахбаяр 46, Н.Сэлэнгэ 47 дугаар байрт жагссан байна.