“Монголын спортын наадам 2026” тэмцээний хүрээнд 10 холбооны, 11 спортын төрөлд 1886 тамирчин 120 багц медалийн төлөө энэ сарын 18-25 хүртэл өрсөлдсөн юм. Долоо хоног спортоор амьсгалсан өдрүүдэд байт харвааны компаунд төрөлд эрэгтэйчүүдээс Т.Бат,Б.Баярсайхан (“Алдар”спорт хороо), Г.Ганзориг (“Хангарьд” клуб) нар эхний гурван байрт шалгарлаа. ЭмэгтэйчүүдээсБ.Батдулам(“Зэвт хасар”) алт, Б.Мөнгөнчимэг (“Алдар”) мөнгө, Ц.Батчимэг (“Бод шонхор” клуб) хүрэл медаль зүүв. Рекурв төрөлд эрэгтэйчүүдээс М.Энхбаяр (“Котинос”) түрүүлж, эмэгтэйчүүдээс Б.Урантунгалаг (“Алдар”) түрүүлжээ. Компаунд харвааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд Орхон аймгаас оролцсон “Хангарьд”, эмэгтэйчүүдээс “Зэвт хасар” клубийн харваачид тэргүүлэв. Рекурв харвааны багийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд “Алдар” спорт хорооныхон тэргүүлж, улсын аварга боллоо. Түүнчлэн виртуал дугуйн спортын тэмцээний элит ангилалд эрэгтэй чүүдээс ОУХМ Э.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүү дээс Э.Энхмаа тэргүүн байр эзэлжээ. Жүдо бөхийн онцлох барилдаануудаас сонирхуулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Женко” клубийнхээс өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн аварга Ж.Анударь хоёр дахь жилээ түрүүлж байна. 52 кг-д “Гүрү дожо” дэвжээний тамирчин М.Нандин-Эрдэнэ жин өгсөж оролцсон Азийн хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний хошой аварга Г.Наранцэцэгийг ялж, мөн хоёр жил дараалж аваргалав. 78 кг-д “Орхон ирээдүйн одод”-ын тамирчин Ж.Урангоо өнгөрсөн жил хүрлийн төлөө барилдаад медалиас мултарсан бол энэ удаа аваргалав. Тус жинд улсын 11 удаагийн аваргаар шалгарсан Азийн хошой аварга П.Лхамдэгд 2026 оноос 78 кг-д түрүүлсэн бөхөд нэрэмжит шагналаа өгөхөөр болсон. Түүний шагналыг анхны багш болох Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа Ж.Урангоод гардууллаа. П.Лхамдэгд өдгөө АНУ-д нөхөр олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очирын хамт ажиллаж, амьдарч буй. Эрэгтэйчүүдээс 60 кг-д “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Т.Түмэнжаргал түрүүлж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны медалиа гардсан юм. 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк шигшээ барилдаанд Азийн аварга, улсын гурван удаагийн аварга Б.Эрхэмбаярыг илүүр хэж түрүүллээ. 81 кг-д “Тэмүүжин” клубийн тамирчин О.Шинэбаяр “Шинэ бадрах” клубийхнээс Б.Шинэтулгыг хожиж, хошой аварга боллоо.