Италийн Милан, Кортина д‘Ампеццо хотод 25 дахь удаагийн өвлийн олимпын наадам долоо хоногийн дараа хөшгөө нээнэ. Ирэх сарын 22 хүртэл үргэлжлэх цагаан олимпод 92 орны шилдэг 2898 тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ олимпод Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цаныхад А.Ариунбат нар оролцохоор тус улсыг зорив. Тэгвэл Олон улсын хоккейн холбоо Орос, Беларусын хоккейн шигшээ багийг тэмцээнд оролцуулахгүй гэсэн хоригоо хүчинтэй хэвээр үлдээв. Ингэснээр хоёр улсын хоккейчид өвлийн олимпод оролцох боломжгүй боллоо. Үүнээс үүдэж хойд хөршийн тамирчид бие даасан статустайгаар, төрийн далбаа болон бусад бэлгэдэлгүйгээр оролцох нь. Хоккейн тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэн 11 мянга 800 хүний багтаамжтай байх аж. Бэлтгэл хийх талбай, хувцас солих өрөөнүүд эрэгтэйчүүдийн багийн тэмцээний өмнө бэлэн болох ч цэнгэлдэх хүрээлэнгийн зарим дотоод засал, тохижилтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах, эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг тус холбооны (IIHF) ерөнхийлөгч Люк Тардиф ярьсныг “Sportsnet” сонин мэдээлжээ. Барилгын ажлыг Олон улсын олимпын хороо хариуцаж буй аж. Милан хот дахь 16 мянган үзэгчийн суудалтай “Санта-Жулиа” хоккейн шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил төлөвлөгөөнөөс хоцорч байна гэсэн мэдээллийг “Associated press” агентлаг өмнө нь хүргэсэн. Тиймээс туршилтын тоглолтуудыг цуцалж, хоккейн талбай хоёрдугаар сарын 5-нд эхлэх эмэгтэйчүүдийн багийн тоглолтоос гурав хоногийн өмнө бэлэн болох аж. Эрэгтэйчүүдийн тэмцээн 11-нд эхлэх юм. Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах тухай хуулийн төслийг Францын Үндэсний хурлын гишүүд эхний хэлэлцүүлгээрээ баталсан. Хуульд зааснаар сэргээштэй тэмцэх ажиллагааны хүрээнд улс орнуудын спортын төлөөлөгчдийн ачаа тээшинд үзлэг хийхийг зөвшөөрсөн нь анхаарал татаж буй. Тодруулбал, одоо хэрэгжиж буй хууль дахь спортын ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон L.232-18-4 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг заалтаар сэргээштэй тэмцэх агентлагийн ажилтнуудын эрх үүргийг зохицуулсан байдаг. Нэмэлт өөрчлөлтийн дагуу ачаа тээшний эзний зөвшөөрлөөр үзлэг хийнэ. Энэ бол дэлхийн спортын түүхэнд өмнө авч байгаагүй арга хэмжээ юм. Мөрдөгчид шүүгчийн зөвшөөрлийн үндсэн дээр спортын барилга, байгууламжийн өрөө тасалгаануудад нэгжлэг хийх эрхтэй байв.
Ачаа тээшний үзлэгийг мөрдөлтийн хүрээнд нисэх онгоц, төмөр замын буудал болон нийтийн эзэмшлийн авто замуудад хийхийг зөвшөөрчээ.