Өвлийн олимпын XXV наадмын нээлтийн ёслол Итали улсад өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ удаагийн олимпыг италичууд аrmonia буюу эв зохицол хэмээх утга санаан дор нэгдэн зохион байгуулж, түүхэнд шинэ хуудас нээсэн өвөрмөц шийдлээрээ онцгойрсныг дэлхийн хэвлэлүүд дурдаж буй. Ийнхүү тус улс хүн төрөлхтний спортын их баяр наадмыг түүхэндээ дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Дэлхийн 92 орны 3000 гаруй тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө хурд хүчээ сорих тус наадамд Монгол Улсаа төлөөлж гурван тамирчин оролцож байгаагаас багийн тугчаар А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар жагсаж, эх орныхоо далбааг Италийн тэнгэрт мандуулсан юм. Нээлтийн ёслолын үеэр Монголын баг тамирчид үндэсний өв соёлын хэв шинжийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хувцсаараа олны анхаарлыг татав. Ноолууран материалаар урласан уг хувцсыг NHK телевизийн шууд нэвтрүүлгийн зочин хөтлөгч, манга зураач Ямазаки Мари “Монголчууд үргэлж гэнэтийн бэлэг барьж, сэтгэл догдлуулдаг. Үнэхээр гайхалтай” хэмээн тодотгов. Уг өмсгөлийг “Goyol cashmere” компани урласан бөгөөд тэд инстаграм хуудсандаа “Энэхүү цуглуулга нь зөвхөн уламжлалт хувцас, орчин үеийн загварын нэгдэл биш. Энэ бол бидний аугаа түүх, соёлын өвтэй салшгүй холбоотой. Монголын эзэнт гүрний хувцасны соёлыг орчин үеийн ертөнцөд дахин танилцуулж, дэлхийн тавцанд хуваалцахыг зорьсон” хэмээн тайлбарлажээ. Монголчуудын хувьд энэ удаагийн наадам түүхэн ач холбогдолтой. Бид өмнө нь гүйлтийн цанын төрөлд тогтмол оролцож ирсэн бол өнөө жил уулын цанын (slalom, giant slalom) төрөлд анх удаа олимпын эрх авч, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсож байна.
Цас, мөсний спортын дэлхийн шилдэг тамирчид өрсөлддөг энэхүү наадам Италийн хойд хэсэгт орших эдийн засаг, санхүү, соёлын томоохон төв болсон Милан хотод төвлөрчээ. Тэнд олимпын нээлт, хаалтын ёслолоос гадна мөсний спортын гол тэмцээнүүдийг зохион байгуулж буй юм. Милан нь спортын дэд бүтэц сайн, олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулсан арвин туршлагаараа Европын тэргүүлэх хотуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Харин Альпийн нуруунд орших Кортина д’Ампеццо хотод уулын цана болон цасны спортын уралдаануудыг зохион байгуулж байна. Мөн энэ удаагийн олимпод эмэгтэй тамирчдын эзлэх хувь 47 хувиас давж, хүйсийн тэнцвэрийг хамгийн сайн хангаснаараа онцлог төдийгүй уулын цанын авиралтын төрлийг хөтөлбөртөө анх удаа багтааснаараа спортын түүхэнд шинэ хуудас нээгээд буй юм.
СЭРГЭН МАНДАЛТЫН ЦУУРАЙ БА ИРЭЭДҮЙН ХҮЛЭЭЛТ
Өвлийн олимпын нээлтийн гол ёслол Милан хотын ариун сүм гэгддэг алдарт “Сан-Сиро” (Жузеппе меацца) цэнгэлдэх хүрээлэнд сүр жавхлантай боллоо. Энэ удаагийн наадам нь нэг цэгт төвлөрөхөөс татгалзаж, олон хот дамжсан тархмал хэлбэрээр зохион байгуулсан анхны олимп гэдгээрээ онцлог. Тиймдээ ч нээлтийн ёслол зөвхөн Миланаар хязгаарлагдсангүй. Кортина д’Ампеццо, Ливиньо, Предаццо зэрэг тэмцээний бүс нутагт ч нэгэн зэрэг болж, технологийн дэвшлийн тусламжтайгаар дэлхий дахинаа цогц байдлаар шууд дамжуулсан юм.
Сэргэн мандалтын өлгий нутаг гэгддэг Итали улс энэхүү ёслолоор дамжуулан Леонардо да Винчи, Микеланжело нарын суу билгийг орчин үеийн робот техник, хиймэл оюунтай хослуулан харууллаа. Тайзнаа робот гарууд Италийн сонгодог баримлуудын дүр төрхийг агаарт сийлж, түүнийг нь дронууд гэрлээр “амилуулсан” нь хүн төрөлхтний оюун ухааны хувьслыг ч илтгээд амжив. Түүхэн өв болон орчин үеийн дэвшлийн энэхүү нэгдэл нь “Милан-Кортина 2026” наадмын үндсэн философи болох “Шинэ эрин үеийн сэргэн мандалт”-ыг дэлхий дахинд тунхаглав. Эл үзүүлбэр нь спортын талбарт ч мөн адил шинэ дээд амжилт, залуу оддын гялалзах ирээдүйг зөгнөж, үзэгчдийн сэтгэлд итгэл найдварын оч бадрааж чадсан юм.
БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨГ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД БАЙЛГАХЫГ ЗОРИВ
“Милан-Кортина 2026” олимпын нээлтийн ёслол зөвхөн нүд хужирлам үзүүлбэр, шоу төдий байсангүй. Энэ бол хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харилцах соёлыг шинээр тодорхойлох гэсэн италичуудын чин хүсэл, хичээл зүтгэл байв. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгах амлалт нь тайзны засал чимэглэлээс эхлээд цэнгэлдэхийн хэсэг бүрээс мэдрэгдэж байлаа. Тухайлбал, “Сан-Сиро” цэнгэлдэхийн төвд байрлах аварга том дижитал дэлгэцүүд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, Доломитын нурууны байгалийн үзэсгэлэнг Милан хотын зүрхэнд “амилуулсан” нь гайхалтай шийдэл боллоо.
Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолыг 13 удаа найруулсан туршлагатай “Balich wonder” студийн захирал Марко Балич энэ удаагийн наадмыг удирдсан нь олон нийтийн хүлээлтийг дээд цэгт нь хүргэв. Тэрбээр эх орондоо болж буй энэхүү наадамд бүхий л сэтгэл зүрх, суу билгээ зориулж, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээл туурвисныг үзэгчид болон мэргэжилтнүүд онцолж байна. Нээлтийн ёслолд Мэрайя Кэри, Андреа Бочелли, Лаура Паусини болон алдарт төгөлдөр хуурч Лан Лан зэрэг дэлхийн хэмжээний шилдэг уран бүтээлч оролцсон нь олимпын цар хүрээ, нэр хүндийг улам бүр тодотголоо. Мөн Италийн хойд бүсийг эмжих Альпийн нурууны мөнх цаст оргилууд болон онгон байгалийг хайрлан хамгаалахыг уриалж байсан нь онцлог байлаа. Уран сайхны найруулгад Альпийн нурууны ховор цэцэгс, амьтны аймгийг гэрлийн тусламжтай бий болгосон нь спортын өрсөлдөөнөөс гадна байгаль дэлхийгээ хайрлах нь энэ цаг үеийн хамгийн гол зорилго гэдгийг хүн төрөлхтөнд сануулав.
Нээлтийн ерөнхий найруулагч Мариа Лаура Иасконе энэ үеэр “Милан-Кортина 2026” нь ирээдүйн олимпын шинэ стандартыг тогтоож байна. Бид түүхэнд анх удаа нээлтийн ёслолыг олон байршилд зэрэг зохион байгууллаа. Милан, Кортинагаас эхлээд Ливиньо, Предаццо хүртэлх бүхий л газрыг наадмын тайз болгон хувиргаж, тамирчдын жагсаалыг үргэлжлүүлсэн. Мөн Милан, Кортина хотод олимпын бамбарыг нэгэн зэрэг бадраалаа. Улс орон бүр олимпоор дамжуулан өөрсдийн үнэт зүйл, соёлын өвийг хойч үедээ үлдээхийг эрмэлздэг. Бидний зорилго хүн бүрийн зүрх сэтгэлд арилшгүй ул мөр үлдээхэд оршино” хэмээв.
ХОЁР ХОТЫГ НЭГТГЭСЭН ДИЖИТАЛ ГҮҮР
Милан болон Кортина д’Ампеццо хот нь хоорондоо 400 гаруй километрийн зайтай оршдог. Гэвч нээлтийн ёслолын үеэр энэхүү орон зайн заагийг технологийн хүчээр арилгаж, хоёр хот нэгэн цэгт нэгдэх шиг болов. 5G сүлжээ болон AR технологийн тусламжтайгаар Кортинад байгаа цаначдын дүрсийг Милан хотын цэнгэлдэхийн голд яг дэргэд байгаа мэтээр дижиталаар гаргаж ирсэн нь үзэгчдийг гайхширууллаа.
Энэхүү виртуал жагсаал нь ирээдүйн олимпын наадам заавал нэг хотод төвлөрөх албагүйг бодитоор батлан харуулав. Технологийн дэвшлийг ашиглан тэмцээн, уралдааныг бүс нутаг даяар тархаан зохион байгуулснаар зардлаа хэмнээд зогсохгүй байгаль орчинд ээлтэй байх шинэ гарцыг нээж буй аж. Энэхүү дижитал гүүр нь зөвхөн тамирчдыг холбоод зогсохгүй, Италийн хойд бүсийн олон талт соёл, уламжлалыг нэгэн цөмд зангидаж чадсанаараа онцлогтой. Олон улсын олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах энэ үеэр дэлхий дахины тогтворгүй нөхцөл байдалд олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны тулгуур багана байх ёстойг онцлов. Тэрбээр спортоор дамжуулан дэлхий ертөнцөд итгэл найдвар түгээхийг уриалсан юм.
Наадмын хамгийн хүндэтгэлтэй мөчүүдийн нэг болох олимпын тангаргийг Италийн домогт цаначин болон залуу тамирчин хамтран өргөсөн нь спортын залгамж чанар, үе хоорондын нягт хэлхээ холбоог бэлгэдсэн гүн утга агуулгатай үйл явдал болов. “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд цугласан 80 000 гаруй үзэгч болон дэлхий даяарх олон сая хүн спортын шударга өрсөлдөөн, нөхөрлөлийн үзэл санаан дор нэгдэж буйгаа илэрхийлэн, нижигнэсэн алга ташилтаар энэхүү наадмыг нээсэн юм.
Нээлтийн ёслолын оргил мөчид олимпын бамбар Кортина хотын сүрлэг уулсын оргилд бадамлан асахтай зэрэгцэн тэнгэрт уламжлалт ёслолын буудлага бус, харин байгаль орчинд ээлтэй лазерын шоу үзүүлэв. Энэхүү цацрах гэрэл нь ирэх 16 хоногийн турш үргэлжлэх халуун өрсөлдөөн, ялалт, нулимс, баяр хөөрийн эхлэл байлаа. Үүнээс гадна “Милан-Кортина 2026” наадам хүн төрөлхтөнд хэдийгээр бид өөр хэлээр ярьж, ондоо соёл уламжлалтай ч спорт хэмээх нэгдмэл хэлээр ойлголцож, эв найрамдалтай оршин тогтнож чадахыг харуулсан юм.
Энэхүү наадмыг сурвалжилж буй Монголын хэвлэл мэдээллийн багийн үйл ажиллагааг “АПУ”, “Эрдэнэс Тавантолгой”, “Макс” групп болон “Гор газ” компани ивээн тэтгэж байна.
Фотог Д.НЯМБИЛЭГ
Э.Сүйлэн