“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд АНУ-ын тамирчин Алиса Лю алтан медаль хүртэж, дэлхийн спортын ертөнцөд онцлох үйл явдал тохиолоо. Түүний энэхүү ялалт нь 2002 оны өвлийн олимпод Сара Хьюз түрүүлснээс хойш буюу 24 жилийн дараа АНУ-ын эмэгтэй уран гулгагч олимпын оргилд дахин гарсан түүхэн тохиолдол болж байна. Харин удаах байрт Японы туршлагатай тамирчин, дэлхийн гурван удаагийн аварга Каори Сакамото шалгарсан бол хүрэл медалийг тус улсын залуу тамирчин Накай Ами хүртэж, шагналын тавцанд хамт зогссон юм.
Тэмцээний явцад Алиса Лю техникийн өндөр түвшний элементүүдийг уран сайхны төгс гүйцэтгэлтэй хослуулан үзүүлж, шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авснаар үзэгчдийг бишрүүлсэн. Түүний үзүүлбэр бүхэлдээ хурд, нарийвчлал, гүн гүнзгий мэдрэмжийн нэгдэл байсан бөгөөд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвараараа бусдаас онцгойров. Олон улсын шинжээчид Алиса Люгийн энэхүү амжилтыг зөвхөн нэг тамирчны ялалт бус, сүүлийн хоёр арванд хүлээлт үүсгээд байсан Америкийн уран гулгалтын спортын томоохон сэргэлт, шинэ үеийн эхлэл хэмээн үнэлжээ. Ийнхүү тэрбээр тэвчээр, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, олимпын аварга гэх эрхэм алдрыг хүртлээ.
У.СҮРЭН