Болгарын нийслэл Софиа хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын “Странджа-2026” бол Европын олон жилийн түүхтэй томоохон тэмцээний нэг. 77 дахь удаагийн эл тэмцээнд дөрвөн тивийн 30 улсын тамирчин өрсөлдөж байна. Монголын шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн мөнгөн медальт, ОУХМ А.Баттулга тоглолтын салхи хагалж, тэмцээнийг эхлүүлсэн. Тэрбээр Болгарын тамирчин, 2022 оны Европын АШТ-ий мөнгөн медальт Себахтин Эргюналыг шүүгчдийн нэгдсэн саналаар ялав. Түүний дараа рингэнд гарсан тоглогчдоос 60 кг-д Г.Лундаа Казахстаны Бейбарыс Жексен, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ мөн эзэн орны тамирчин Алексей Ширяаевыг шүүгчдийн саналаар хожлоо.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Казахстан улсад болсон Сейфуллины нэрэмжит олон улсын тэмцээнд манай улсын багаас эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Амгаланбаатар түрүүлж, Э.Нанзад удаалан, Э.Төгсбилэг хүрэл медаль хүртсэн. 60 кг-д Э.Мөнх-Эрдэнэ алт, Б.Мөнхбаяр мөнгө, Ц.Манал хүрэл медаль гардаж, 65 кг-д нэр нэгтэй тамирчид болох Д.Тэнгис II, А.Тэнгис III байр шалгарч, шагналын буухиаг үргэлжлүүлсэн юм.