Азийн таеквондогийн холбоо 60 жилийнхээ ойн хүрээнд 11 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад наймдугаар сарын 3-9 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус тэмцээнийг Улаанбаатар хотод явуулахаар болсон тул Олон улсын таеквондогийн Монголын холбооны шүүгчдийн зөвлөл шүүгчийн эрх олгох сургалт хийв. Шүүгчдийн зөвлөлийн дарга, Олон улсын шүүгч М.Ариунболдын удирдаж явуулсан сургалтад хамрагдсан оролцогчид шүүгчийн эрх үүрэг, ёс зүй, хариуцлага, дүрэм, нарийвчилсан ойлголт, паттерн (туль) болон спарринг төрлийн шүүлтийн зарчмын талаар сонсож, мэдлэг, ур чадвараа ахиуллаа. Идэвхтэй оролцож, шалгуурыг хангасан шүүгчдэд дотоодын тэмцээнд ажиллах эрх олгож, батламж гардуулсан байна.