Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтын 2025-2026 оны улирлын шилдгүүдийг тодруулах ёслол өчигдөр боллоо. Лигт оролцсон багуудаас легионер тоглогчид ч шалгарсан. Энэ удаа ямар тамирчид дээд лигт амжилттай тоглож, шагнал гардсаныг танилцуулъя. Улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Би Си Эйч Найтс” багийн тамирчин О.Эрдэнэцогт тодров. Тэрбээр 27 тоглолтод оролцохдоо 13.9 оноо, 4.9 самбар, 5.9 оновчтой дамжуулалт 1.6 бөмбөг таслалт, 84 хувийн чөлөөт шидэлт дундажлажээ. “Шилдэг шинэ тоглогч”-ийн шагналыг О.Өсөхбаяр (“Хаан шонхорууд”) гардав.Түүний хувьд 25 тоглолтод оролцож, 11.4 оноо, 6.5 самбар, 0.9 бөмбөг таслалт, 45 хувийн довтолгоо гүйцэтгэжээ. Тэгвэл Г.Дөлгөөн (“Эс Жи Эйпс”) “Шилдэг хамгаалан тоглогч” болж, шилдгүүдийн эгнээнд багтсан юм. Тэрбээр 23 тоглолтод 16.2 оноо, 9.0 самбар, 1.1 бөмбөг таслалт, 0.8 хаалт хийсэн байна.
“Шилдэг олон улсын тоглогч”-оор тодроод буй Давион Уоррен (“Би Си Эйч Найтс”) 26 тоглолтод 26.7 оноо, 6.1 самбар, 5.8 оновчтой дамжуулалт, 3.0 бөмбөг тасалсан статистикийг үзүүлсэн аж. “Шилдэг зургаа дахь тоглогч” болсон А.Батхуяг (“Хаан Шонхорууд”), А.Батхуяг 23 тоглолтод сэлгээнээс оролцож, 14.4 оноо, 3.2 самбар, 3.7 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт хийсэн юм. “Шилдэг амжилт нь ахисан тоглогч”-ийн цом өргөсөн Б.Барсболд (“Хасын хүлгүүд”) 26 тоглолтод 7.9 оноо, 3.6 самбар, 3.1 оновчтой дамжуулалт, 2.1 бөмбөг таслалт, 37 хувийн довтолгооны гүйцэтгэл дунджилсан. Түүнчлэн лигт багаа сойсон дасгалжуулагчдаас Юрис Васильевс (“Би Си Эйч Найтс”) “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч, 2025-2026 оны улиралд багаа 27 тоглолтод удирдан оролцуулахдаа 18-9 амжилтыг үзүүлсэн байна.