Италид үргэлжилж буй “Милан-Кортина 2026” өвлийн паралимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн энэ сарын 10-нд эхэлсэн. Ойрын зайн цуваа гараатай уралдаанд 30 тамирчин сонгомол техникээр уралдсанаас Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэлжээ. Тэд уулын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлагад 10 км-ийн зайд өнөөдөр, Б.Цэрэнпунцаг жиант слаломын төрөлд маргааш, слалом төрөлд энэ сарын 15-нд хурд сорино. Тэгвэл тэргэнцэртэй кёрлингийн төрөлд монгол тамирчин У.Бат-Оюун АНУ-ын багийнхантай “Lead” буюу эхний шидэгчийн байрлалд тоглож байна. У.Бат-Оюун Улаанбаатар хотод төрж өссөн. АНУ-д 2000 онд найзындаа зочлохоор очихдоо автомашины осолд орж, эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ. Тэрбээр амаргүй сорилтын дараа тэнд суурьшин 2016 онд 43 насандаа кёрлингоор хичээллэж, тэмцээнүүдэд амжилттай оролцож, таван жилийн дараа тус улсын пара үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Түүнчлэн БНХАУ-д зохион байгуулсан “Бээжин-2022” паралимпид анх удаа өрсөлдөж, багийнхантайгаа тавдугаар байрт шалгарчээ. Тухайн үед тэрбээр “Би зүрх сэтгэлээрээ үргэлж монголчуудтайгаа хамт байдаг. Гэхдээ АНУ бол миний амьдралаа шинээр босгож, хүүхдүүдээ өсгөсөн улс минь” хэмээн ярилцлагадаа өгүүлж байв.
Түүний хувьд өөрийн гаргасан амжилтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам өгч, кёрлингийн спортыг эх орондоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсдэг аж. Өдгөө тэрбээр тус улсын Миннесота мужийн Бернсвилл хотод амьдардаг бөгөөд Сент-Томас их сургуульд туслах ажилтнаар ажилладаг гэнэ. Кортина д’Ампеццо хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй кёрлингийн тэмцээн ирэх долоо хоногт өндөрлөнө. Энэ удаа АНУ-ын баг эхний шатанд БНХАУ, БНСУ-ын тамирчидтай тойргийн журмаар тоглож байна.