Цахим спортын “Counter Strike-2” (CS2) тоглоомын I зэрэглэлийн “ESL pro league season 23” тэмцээний хоёрдугаар шатны тоглолт өрнөж байна. Энэ сарын 10-нд шилжих шөнө III тойргийн тоглолт явагдаж, шөвгийн наймд тоглох эхний хоёр багийн нэр тодорсон. ХБНГУ-ын “MOUZ”, ОХУ-ын “Team spirit” баг Шведийн Стокхолм хотын “Annexet” цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглох эрхтэй боллоо. Манайхаас “The MongolZ” багийнхан хоёр хожил, нэг хожигдолтойгоор “MOUZ” багтай тоглосон боловч 0:2 тооны харьцаатай ялагдав. Өнгөрсөн шөнө IV тойргийн тоглолт болж, шөвгийн наймд оролцох дараагийн гурван багийн нэр тодорсны нэг нь “The MongolZ” байлаа. Тэд плей-оффт өрсөлдөхийн тулд Францын “3DMAX” багийг 2:1-ээр хожсон юм. Уг тоглолтод манайхан өрсөлдөгчийн сонгосон “Dust-2 map” дээр 13:10-аар буулгаж авсан. Харин өөрсдийн сонгосон “Ancient map” дээр 4:13-аар ялагдлаа. Хоёр багийн тоглолт “Inferno map” дээр шийдвэрлэгдэж, cobrazera болон 910 нарын сайн буудалтын үр дүнд 13:10-аар “The MongolZ”-ынхон өрсөлдөгчөө илүүрхсэн. Тоглолтын шилдгээр Б.Өсөхбаяр буюу 910 тодорсон байна.
Одоогийн байдлаар “ESL Pro League Season 23” тэмцээний шөвгийн наймд тоглох эрхийгХБНГУ-ын “MOUZ”, ОХУ-ын “Team Spirit”, Монголын “The MongolZ”, Туркийн “Aurora Gaming”, Бразилын “Legacy” баг авчээ. Өнөөдөр орой зургаан багийн тоглолтууд явагдаж, үлдсэн гурван эрхийн эзэн тодорно. Шөвгийн наймын тоглолт Шведийн Стокхолм хотын “Annexet” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 13-15-нд болно.