Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 105 жилийн ой, Ховд аймгийн шүүх, тагнуул, цагдаагийн байгууллагуудын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд спортын олон төрөлт цогцолбор тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээнд 15 байгууллагын 560 гаруй тамирчин спортын найман төрөлд оролцож, авхаалж самбаагаа сорьсноос Д.Сүхбат захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан нийлбэр дүнгээр түрүүлж, Ш.Сүхтулга даргатай Ховд аймгийн Цагдаагийн газрын оролцогчид удаалан, Б.Ганхуяг даргатай Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-ын тамирчид III байр эзэллээ.
Тэгвэл Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд “Монгол цэргийн өдөр”-ийг угтсан уламжлалт тэмцээнд дэслэгч Н.Цогтбаатар тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг аваргаар тодорч, дэслэгч С.Амарсанаа тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчид мөнгө, Т.Лхагва-Эрдэнэ тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийнхан хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний тусгай байрт дэслэгч Т.Лхагва-Эрдэнэ тасгийн захирагчтай аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид орсон бол “Шилдэг тасгийн захирагч”-аар тус аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Ц.Норовсамбуу шалгарсан юм.