Монголын хоккейн холбооны шинэ улирлын 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолт “Степпе арена”-д өрнөлөө. Энэ удаа “Степп Монстерс” багийнхан Дархан-Уул аймгийн “Бурхантын бухнууд”-ын тоглогчдыг 9:1-ээр хожиж, цувралыг 2:0-ээр тэргүүлэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Орхон аймгийн “Хангарди” клубийнхэн мөн Дархан-Уул аймгийн “Шарын гол майнерс” багийг 7:6-гаар буулган авснаар “Степп Монстерс”-ын тамирчидтай алтан медалийн төлөө тоглохоор болсон юм. Мөсөн талбайд хүчирхэг хоёр баг лигийн сүүлийн шийдвэрлэх тоглолтод өрсөлдөхөөр болсон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татав. Хүрэл медалийн төлөөх тоглолт ширүүхэн өрнөж, “Шарын гол майнерс”-ынхан “Бурхантын бухнууд” багийнхныг илүүрхэж хүрэл медаль хүртлээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд хоккейн тэмцээнд цахиур хагалах болсон “Степп Монстерс”-ынхон Орхон аймгийн “Хангарди” багийнхантай ана мана өрсөлдөж, лигийн аваргаар тодрон алтан цом гардав. Энэ удаа түрүүлэх зорилготой талбайд гарсан “Хангарди”-чүүд мөнгөн медальтай нутаг буцаж байна. Тоглолтод оролцсон тамирчдаас “Шарын гол” багийн М.Чинзолбоо шилдэг тоглогч, Хангарьд” клубийнхээс И.Гэрэлт шилдэг довтлогч, Б.Цэрэнбалжир тэгш тоглогч, “Степп Монстерс”-ынхноос У.Нямдаваа шилдэг хамгаалагч, Б.Мөнхболд шилдэг хаалгачийн шагнал гардлаа. Тус тэмцээний дараа Монголын хоккейн шигшээ багийнхан ирэх сард болох С дивизионы ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлэн базаах юм.