Францын Le Parisien сонинд мэдээлснээр З.Зидан Францын шигшээ багийг удирдахаар тус улсын хөл бөмбөгийн холбоотой тохиролцсон байна. Тэрбээр энэ жилийн ДАШТ-ий дараа “гурван өнгөтнүүд”-ийг удирдах ажээ. Тус эх сурвалжид дурдсанаар талууд хамтын ажиллагааны үндсэн нөхцөлүүдийг хэдэн долоо хоногийн өмнө тохиролцсон байна. Гэхдээ гэрээнд албан ёсоор хараахан гарын үсэг зураагүй гэнэ. “Реал”-ын экс дасгалжуулагчийн хувьд туслах дасгалжуулагчдын бүрэлдэхүүн дээр ярилцаж тохирох асуудал байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, туслахуудынхаа тоог нэмэгдүүлэхийг тэрбээр хүсэж байгаа юм. Энэ асуудлыг талууд ойрын хугацаанд шийдвэрлэхээр тохиролцсон байна.
Харин Францын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Ф.Диалла төвийг сахисан байр суурь илэрхийлж, “Шигшээ багийн ирээдүйн дасгалжуулагчийн нэрийг би мэдэж байгаа. Бидэнд их олон шалгуурыг хангасан нэр дэвшигч хэрэгтэй. Бидэнд ийм хэд хэдэн санал ирсэн. Хамгийн гол нь хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгийг авч чадах дасгалжуулагч хэрэгтэй. Зидан тийм байж чадах уу? Ямартай ч энэ талаар ДАШТ-ий дараа ярих нь зүйтэй байх” хэмээн өгүүлжээ. Тус холбоо шинэ дасгалжуулагчийн нэрийг долоодугаар сарын 19-нд зарлах товтой байгаа аж. Эцэст өгүүлэхэд, З.Зидан шигшээ багийн түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагчийн нэг Д.Дешамыг орлох юм. Тэрбээр 2012 оноос хойш Францын шигшээг удирдсан 14 жилийн хугацаандаа дэлхийн хамгийн тогтвортой амжилттай багийн нэг болгож чадсан билээ. Түүний удирдлага дор “гурван өнгөтнүүд” 2018 оны ДАШТ, Үндэстнүүдийн лигт түрүүлж, Евро-2016, 2022 оны ДАШТ-ий финалд шалгарч байв. Д.Дешам шигшээ багийг орхино гэдгээ энэ оны нэгдүгээр сард зарласан юм.
Э.МАНЛАЙБААТАР