Монголын автомастеруудын холбооны энэ оны цуврал дөрөв дэх уралдаан, “Экстир” ХХК-ийн 10 жилийн ойн нэрэмжит “Экстир мастер кросс”-т шилдэг 74 тамирчин хурд сорьсноос “Шинэ барилга”, “Хаан шоргоолж” ХХК, “VX racing” клубийн тамирчин, 36 дугаартай Л.Ариунболд тэргүүлж 31 дэх түрүүгээ хүртлээ. Түүний араас нэхсэн 47 дугаартай Г.Бат-Эрдэнэ (“Алтайн бугат”, “Эбо Даймонд” ХХК, “Аваргууд”) удаалж, 21 дугаартай Г.Энхбаяр (Говь-Алтай аймаг, “Авточип тюнинг”, “Аваргууд” клуб) хүрэл медаль хүртэв. Энэ удаа цээжинд цойлдог аваргуудаас 68 дугаартай Ш.Гомбодорж (“Аваргууд”) IV, 91 дугаартай Д.Отгонбаяр (Замын-Үүд, “Racing team” клуб) V байрт шалгарсан юм. Спортын мастер цолтнуудаас 40 дугаартай Ц.Батбаатарын санаачлан олгож буй “Шилдэг залуу тамирчин”-ы шагналыг 135 дугаартай Ж.Болдбаяр (“Сайн монгол сервис”, “Power” клуб) хүртжээ.