Сагсан бөмбөгийн 2025-2026 оны улирлын үндэсний дээд лигийн финалд “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийнхан шалгарсан. Тэдний финалын цуврал тоглолт энэ сарын 1-нд өрнөж, онооны хол зөрүүгүй ана мана өрсөлдөв. Үзэгчдийг суудлаас нь бостол догдлуулсан тэмцээнд “Хасын хүлгүүд” багийнхан улирлын турш амжилттай тоглож, урагшилсан хүчирхэг өрсөлдөгчөө 77:76-аар буулган авч цувралыг 1:0 болголоо. Лигийн есөн удаагийн аваргаар тодорсон тэд финалд 15 дахь удаагаа шалгарахдаа есөн удаа алтан цом өргөж, зургаан удаа мөнгөн медаль хүртсэн юм. 2024, 2025 онд дараалан түрүүлсэн тус багийнхан гурав дахь жилдээ түрүүлэхэд тун ойрхон байна. Хэрэв энэ удаа ч гэсэн аваргаа хамгаалж баталбал лигт 10 удаа тэргүүлнэ. Тэгвэл “Сэлэнгэ бодонс” багийнхан лигт цойлон финалд анх удаа үлдсэнээр эхний тоглолтоо хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Хагас шигшээд “Эс жи эйпс”-ийнхнийг цувралын долоо дахь тоглолтод илүүрхэж, аваргын төлөө тоглохоор болсон юм. Хоёр багийн хоёр дахь цуврал нь өнөөдөр 19.10 цагт эхлэх бол гурав дахь нь энэ сарын 10, дөрөв дэх нь 16, тав дах нь 24, зургаа дахь нь 26, долоо дахь 29-нд (19.10 цагт) өрнөх аж.