NBA-ийн энэ улирлын сүүлчийн тоглолтууд энэ сарын 13-нд болно. Өөрөөр хэлбэл, плей-офф хаяанд иржээ. Тиймээс улирлын төгсгөлд ямар онцлох үйл явдлууд болох, багуудын хувьд сүүлийн тоглолтууд ямар ач холбогдолтой талаар сонирхъё.
Гэхдээ хоёр бүсийн эхний 10 байрын баг хэдийн тодорсон бөгөөд “Дорнод”-оос “Милуоки”, “Чикаго”, “Бруклин”, “Индиана”, “Вашингтон”, харин “Өрнөд”-өөс “Мемфис”, “Даллас”, “НьюОрлеан”, “Сакраменто”, “Юта” баг плей-оффт тоглох эрхгүй болсон.
“ДОРНОД” БҮС
Улирлын үлдсэн гурван тоглолтод хожигдсон ч “Детроит пистонс” бүсээ тэргүүлэх нь ойлгомжтой болсон. Тэд сулхан өрсөлдөгчидтэй (Милуоки, Шарлотт, Индиана) таарахаас гадна араас нь нэхэж яваа “Бостон” үлдсэн бүх тоглолтдоо хожиж ялалтын тоогоор тэнцсэн ч хоёр багийн хоорондын тоглолтын (1-3) харьцаагаар “Пистонс” илүү байгаа юм. Харин “Никс” болон “Селтикс”-ийг гурван оноо зааглаж буй ч өрсөлдөгчид нь (Бостон, Торонто, Шарлотт) чанга учраас бүсийнхээ дэд байрыг эзлэх боломж тун маруухан харагдаж байна. Харин “Никс”-ийг “Кавальерс” гүйцэж, байр ахих бүрэн боломжтой. Учир нь хожлын хувийн зөрүү тун багаас гадна “Атланта”, “Мемфис”, “Вашингтон” гэсэн сул учраатай тоглох юм. Одоогоор тус бүсийн эхний дөрвөн баг л плейоффын эрхээ баталгаажуулаад буй. Цаашаа байдал арай сонирхолтой өрнөнө. Плей-оффт шууд орох хоёр эрхийн төлөө “Атланта”, “Филадельфи”, “Торонто”, “Шарлотт”, “Орландо” гэсэн таван баг өрсөлдөж байна. Тэднээс хамгийн өндөр боломжтой нь “Атланта” юм. Тэд нөгөө дөрвөн багийнхаа өмнө бичигдэж буйгаас гадна сүүлийн 10 тоглолтдоо найм ялж, хоёр ялагдсан сайн формтой байгаа. Гэхдээ тэд ирэх тав хоногт “Кливлэнд”, “Майами” гэсэн чанга багтай тоглоно. Зургаадугаар байрт явж байгаа “Филадельфи”-д ч боломж бий. Энэ нь тэд “Хьюстон” гэсэн чанга, харин “Индиана”, “Милуоки” гэсэн хоёр сул өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглохоос хамаарна. Харин “Майами” (хоёр удаа), “Нью-йорк”, “Бруклин” зэрэг харьцангуй сул өрсөлдөгчидтэй таарах “Торонто”- гийн хувьд 2-3 ялалт байгуулах бүрэн боломжтой. Гэхдээ тэд ойролцоо амжилттай байгаа бусад баг нь хэрхэн тоглохыг хүлээх ёстой болно. Магадгүй тэд зургаадугаар байрын төлөөх өрсөлдөөнд “Филадельфи”-г илүүрхэж ч мэднэ. Энэ улиралд “одтой” байгаа “Шарлотт” бусад багтай харьцуулахад хамгийн цөөн (гурав) удаа тоглох ч өрсөлдөгчид нь бүсийнх нь эхний гурван баг (Детроит, Бостон, Нью-Йорк) байх юм. Тэд ядаж хоёрт нь хожиж байж плей-оффын эрхээ авах учиртай, эс бөгөөс плей-инд тоглохоос өөр аргагүй. “Орландо”-гийн хувьд “Детроит”, “Миннесота”, “Чикаго”, “Бостон” зэрэг чанга багтай таарах бөгөөд тэд плей-инд тоглох нь бараг л ойлгомжтой байна. Мөн “Майами” ч сурснаараа плей-инээс тоглож эхлэх биз ээ.
“ӨРНӨД” БҮС
Бүсийнхээ тэргүүн байрт таамаг ёсоор “Оклахома” заларч буй. Харин тэдний чанх ард, хэдхэн хожлын зөрүүгээр “Сан-Антонио” бичигдэнэ гэдгийг улирлын эхэнд тийм ч олон хүн таамаглаж зүрхлээгүй болов уу. Тэд энэ улиралд үнэхээр сайн тоглож буй бөгөөд хоёрдугаар сарын эхнээс хойш 30 тоглолтынхоо ердөө гуравт нь ялагдсанаас “Спөрс” ямар супер байгаа нь харагдана. Багийн лидер В.Вембаняма улирлын шилдэг “Хамгаалан тоглогч”-оор тодрох нь бараг л ойлгомжтой болсноос гадна “Үнэ цэнтэй тоглогч”-ийн төлөөх өрсөлдөөнд тун дээгүүрт бичигдэж байна. “Тандер” улирлын үлдсэн дөрвөн тоглолтын хоёрт нь ялахад л бүсээ тэргүүлэх нь тодорхой болно. Тэд “Лейкерс”, “Клипперс”, “Денвер”, “Финикс”-тэй тоглох хуваарьтай байгаа. Харин тэдний араас нэхэж буй “СанАнтонио” мөн дөрвөн удаа тоглох бөгөөд өрсөлдөгчид нь “Филадельфи”, “Портленд”, “Даллас”, “Денвер”. Эдгээр багуудаас Н.Йокич тэргүүтэй “Наггетс” л тэдэнд хүчтэй эсэргүүцэл үзүүлэх биз ээ. Бүсийнхээ эхний таван байрыг эзлэх нь тодорхой болсон баг бол “Денвер”, “Лейкерс”, “Хьюстон” юм. “Денвер”-ийн хувьд “Мемфис”, “Оклахома”, “СанАнтонио”-той тоглох учиртай. Гэхдээ бүсийн шилдэг хоёр багийн улирлын сүүлчийн тулаанд гарааны бус, сэлгээний тоглогчид оролцох өндөр магадлал бий. Тэдэнд бүсийнхээ гуравдугаар байраар шалгарах нь тун чухал юм. “Денвер”-тэй энэ байрын төлөө өрсөлдөж буй “Лейкерс”- ийн нөхцөл байдал ихээхэн доройтсон. Л.Дончич, О.Ривз, М.Смарт нарын лидер нь гэмтсэн учир тэд байр ухрах төдийгүй плей-оффт сайн амжилт үзүүлэхгүй байх өндөр магадлалтай болоод байна. Ялангуяа улирлын төгсгөлд тэд “Оклахома, “Голден Стэйт”, “Финикс”, “Юта” гэсэн “хатуу самар”-тай тоглоно. Харин плей-оффт шууд орох сүүлчийн эрхийн төлөө “Миннесота”, “Финикс” өрсөлдөж байгаа бөгөөд улирлын үлдсэн өрсөлдөгчдийг авч үзвэл “Нарнууд” бус, “Ойн чононууд”-д илүү боломж бий. Плей-иний тухайд “Финикс”, “Клипперс”, “Портлэнд” баг байраа хэрхэн солих нь сонирхол татаж байгаа бол “Голден стэйт” 10 дугаар байртаа үлдэх нь тодорхой болсон.
Н.Энх