Сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш (энэ сарын 10-нд) өндөрлөнө. 25 орны 230 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээний медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж, олны анхаарлыг ихэд татав. “Аса арена”-д спортын тэмцээнүүд болдог ч үүн шиг халуухан уур амьсгалтай олон хоног үргэлжилсэн нь ховор. Монголын боксын холбоо томоохон тэмцээнийг эх орондоо хүлээн авч, олимп, тив, дэлхийн медальтнуудын гал гарсан тулааныг МҮОНТ-ээр тайлбартайгаар шууд дамжуулан хүргэсэн нь үзэгчдэд таалагдсан. Нутгийнхаа дэвжээнд шилдгүүдтэй өрсөлдөж буй тамирчдынхаа тоглолтыг үзэх үзэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэв. Нэг хэсэг нь цэнхэр дэлгэцийн өмнө тухалж, нөгөө нь тэмцээний талбарт тулааны оргил үеийг харахаар ирж байлаа. Боксын хорхойтнуудыг 14 хоног огшоосон энэ удаагийн тэмцээнд улс бүр тамирчдаа оролцуулахаар өргөн бүрэлдэхүүнтэй илгээжээ. Монголын төдийгүй дэлхийн олон орны үзэгчид тамирчдаа хэрхэн тоглохыг харж, догдлон суусан нь лавтай. Үүний нэг жишээ нь, Бутан улс насанд хүрэгчдийн Азийн АШТ-д тамирчдаа (гурван эрэгтэй, хоёр эмэгтэй) анх удаа сойсон нь боксын спортод бас нэгэн түүх болж үлдэх нь. Энэ нь тус улсын тулааны спортын хөгжилд томоохон алхам болж байна.
Финалд үлдэж, аваргын төлөө өрсөлдөнө гэдэг улсаа төлөөлөн оролцож буй тамирчдын хувьд өндөр үүрэг хариуцлага. Найм, ес дэх өдрийн тулаанд манай хоёр боксчин Казахстаны багийн амжилтын ноёрхлыг зогсоож, нүүр бардам мөнгөн медалийн босгоор давав. Ийм амжилт гаргахад шигшээ багийн дасгалжуулагчдын зөвлөгөө, хийлгэсэн бэлтгэл сургуулилалтаас гадна тэдний хурд, техник, өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг мэдэрч, тоглолтыг нь “унших” чадвар, тулааны үед толгойгоо ажиллуулах ухаан, гар, хөлийн гайхалтай ажиллагаа нөлөөлсөн юм. Эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан тивдээ “Боксын Месси” хэмээгддэг дэлхийн хошой аварга Махмуд Сабырханыг алтан медалиас мултлав. Тэрбээр жиндээ шинэ танил ч хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0-ээр илт давуу ялж, аваргын төлөө Японы тамирчин Руи Ямагүчитэй тоглохоор болсон юм.
Эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Номундарь Казахстаны Айгерим Саттибаеваг хожиж, алтан медалийн төлөө Энэтхэгийн Минакши Минакшитай өнөөдөр 13.00 цагт тулалдана. Энэ удаа Махмуд Сабырхан, Айгерим Саттибаева нар Улаанбаатараас хүрэл медальтай харих нь. Тэгвэл 85 кг-ын тулаан мөн ширүүхэн болж, мөнгөн медалийн төлөө Д.Бариахаан Казахстаны Нурбек Оралбайд, 75 кг-д Г.Далай тус улсын тамирчин Сабиржан Аккалыковд, 60 кг-д М.Намуун Энэтхэгийн тамирчин Прия Прияд ялагдсанаар хүрэл медалийн болзол хангалаа.