Туркийн Анталия хотод болсон Европын аварга шалгаруулах пүүл биллиардын тэмцээнд долоон орны тамирчид өрсөлдлөө.Монголын багаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Алтанхуяг ХБНГУ-ын тамирчныг хожиж мөнгө, Н.Насанбат Австри, М.Чингүүн, Э.Билгүүн нар Чехийн тоглогчийг ялж, хүрэл медаль гардав. Эмэгтэйчүүдээс Ц.Баярцэцэг ХБНГУын тамирчныг ур чадвар, туршлагаар илүүрхэн аваргаар тодров. Тэгвэл П.Уянгамаа Франц, Т.Оюунгэрэл ХБНГУ, Г.Мөнхтуяа Австрийн тамирчныг хожиж, III байрт жагслаа. Хосын төрөлд Х.Хүдэр, Б.Пүрэвдорж нар Австри, Шведийн тамирчдыг тоглолтын ширээнд буулгаж авч түрүүлсэн юм. Ташрамд дуулгахад, Монголын биллиардын холбоо Дэлхийн пүүл биллиардын холбооноос Азийн биллиардын холбоонд олгож буй эрхийг үр дүнтэй ашиглах зорилгоор гадаадад амьдарч буй тамирчдаа оролцуулах санал тавьжээ. БНХАУ-ын Шэньси мужийн Ялин хотод эхэлсэн “Yalin WPA men’s 8-ball world championship-2026” (Ялин WPA эрэгтэйчүүдийн найман бөмбөгтэй ДАШТ)-д манайхаас Г.Ганзориг өрсөлдөж байна. Үүнээс гадна Хайнань мужид энэ онд зохион байгуулах “PERI Laili cup CBSA 9-ball” цомын аварга шалгаруулах дөрвөн цуврал тэмцээний эхнийхэд нь (энэ сарын 25-26-нд болно) Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц, Э.Тэмүүжин, Б.Билгүүн, Г.Гантулга, Б.Баттуяа, Д.Солонго нар улсаа төлөөлж оролцох юм.